ЭМСЯ, Японы Сисмекс корпораци хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-11 13:25:44

Монгол Улсын ЭМСЯ,  Япон улсын Сисмекс корпораци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тус корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяаши нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Талууд 2008 оноос эхлэн цусны ерөнхий шинжилгээ, 2011 оноос цусны биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэндийн салбарт лабораторийн оношилгоо шинжилгээний чанарыг сайжруулахад хувь нэмэр  оруулсаар иржээ.  

2014 онд байгуулсан гэрээнд заасны дагуу дахин нэг төрлийн шинжилгээний чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тусгаж,  элэгний хепатит В болон С вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү гэсэн 4 халдварт өвчний шинжилгээний чанарын гадаад хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээнд  нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Сисмекс корпораци нь лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар манай мэргэжилтнүүдэд сургалт явуулж байгаа нь бидэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй, лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ач холбогдолтой гэдгийг ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар онцлов.

Ийнхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор чанарын гадаад хяналт хийхэд шаардлагатай иммунологийн бүрэн автомат анализаторыг ХӨСҮТ, ЦССҮТ-д тус бүр үнэ төлбөргүй суурилуулж, лабораторийн тоног төхөөрөмж, чанарын хяналтын материал,  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний сэлбэг хэрэгслийг гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр боллоо.

Энэ  үеэр лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо, хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг  тус төвийн удирдлагуудад  хүлээлгэн өгөв.

Ж.Болор

Холбоотой мэдээ