Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлийн сургалтад жил бүр явуулна хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өндөр хөгжилтэй улсад суралцахаар явах гэж буй эрүүл мэндийн ажилтнуудтай өнөөдөр уулзах үеэрээ онцлов.
Тэрбээр хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх бодлого бол салбарынхаа ажилтнуудын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх явдал. Энэ нь дотоод болон гадаад сургалт юм. 2018 онд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, боловсролд зарцуулахаар 2.8 тэрбум төгрөг төсөвт суулгаснаар 95 эмч, мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургасан. Өмнө нь төсөл хөтөлбөрийн далимд тохиолдлын журмаар сургадаг байсан бол одоо эрүүл мэндийн салбар бодлогоо тодорхойлоод эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургаж байна. Үүнд эмч нарын сонгон шалгаруулалт маш чухал. Шинээр эмч нарыг ээлж дараалан явуулахаасаа илүү давтан сургалтад хамруулах, тухайн чиглэлээр мэргэшүүлэх, улмаар үндэсний сургагч багш бэлтгэх чиглэлээр багаа сонгож байгаа. Улсын төсвөөс санхүүжүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр сургалтыг жил бүр явуулна” хэмээв.
”Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн 139 ажилтан 31 чиглэлээр БНСУ, БНЭУ, Япон, БНФУ, ОХУ, Шинэ Зеланд, БНХАУ-д 5-160 хоногийн сургалтад суралцах юм.
Гадаад сургалтад шаардагдах 534.5 сая төгрөгийг улсын
төсвөөс санхүүжүүлжээ.