Малчин Л.Мясардорж Архангайн анхны улсын аварга фермер боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-12 22:21:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн малчин Лундаагийн Мясардорж “Улсын аварга фермер”-ээр шалгарчээ. Тэрээр Архангай аймгаас төрсөн анхны фермер болж байгаа юм. Л.Мясардор 1952  онд төрсөн, 66  настай, 3 хүү, 4 охин төрүүлж өсгөсөн. 2 хүү, 3 охин нь удам залгасан малчид юм. Одоо сум орон нутагтаа мал маллаж амьдарч байна.


Л.Мясардорж 1970 онд Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлснээс хойш 48 жил мал аж ахуйн салбарт тасралтгүй ажиллажээ.


Тэрээр “Шинэ амьдрал” нэгдэлд 1970-1992 он хүртэл ажиллаж байх хугацаандаа 100 эхээс бойжуулах төлийн тоог 100 хувь бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавар сүү цагаан идээ, цөцгийн тосны төлөвлөгөөг 115-125 хувиар давуулан биелүүлжээ.


1984 онд үйлдвэрлэлийн даалгаврыг 215-218 хувиар давуулан биелүүлж, сумын 3 дахь удаагийн хошой аварга саальчин, 1988 онд аймгийн аварга саальчин, 1989 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойн медаль, 2010 онд ХХАА-н салбарын 80 жилийн ойн медалиудаар тус тус шагнуулж, 2011 онд ХХАА яамны Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан болсон байна. 2010 - 2018 онуудад Р.Гиваажидыг өөрийн туслах саальчнаар авч, өрхийн ажлын байраар хангаж, цалин хөлс олгон эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулжээ.

Ийн шороон нохой жил Архангай аймгийн анхны Улсын аварга фермер тодорсноос гадна “Улсын аварга малчин”-аар Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Л.Батбаяр, Тариат сумын Мөрөн багийн малчин П.Амгаланбат, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Д.Амгаланбаатар, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн малчин Н.Жамбалганий, Чулуут сумын Зуунмод багийн малчин Д.Самбууням, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Д.Орхонтуул нар шалгарсан байна.


Харин "Улсын аварга саальчин”-аар Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Д.Нямбуунядмаа тодорчээ.

Холбоотой мэдээ