Ховд аймагт энэ онд 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөнө

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2019-01-11 11:56:46

Ховд/МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2019 онд 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41, орон нутгийн төсвөөр 77 бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Тухайлбал, Жаргалант, Зэрэг, Ховд, Эрдэнэбүрэн сумдад төрийн захиргааны барилга, Буянт, Мөнххайрхан суманд Соёлын төвийн барилга, Манхан, Дарви сумдад цэцэрлэгийн барилга, Жаргалант, Алтай, Булган сумдад ерөнхий боловсролын сургуулийн барилга зэрэг ажлуудыг шинээр  бүтээн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Жаргалант сумын ЗДТГ хамтран Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Хөшөөт хөгжлийн сан, Байгаль хамгаалах сан зэргээс санхүүжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тоо хэмжээ, хугацааг тодорхойлох, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах зорилгоор “Санал солилцох уулзалт”-ыг  өчигдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ болон албан байгууллагуудын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож, 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тоо хэмжээ, ажлыг эхлүүлэх хугацаа, дэс дараалал, нарийвчилсан төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Уулзалтын үр дүнд “Ховд хотод энэ онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний ажлын тоо хэмжээ, хэрэгжих хугацаа, зураг төсөв боловсруулах чиг үүрэг бүхий “Хамтарсан ажлын хэсэг“ томилон ажиллуулахаар болов.

Ховд аймгийн дэд бүтцийн салбарт 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41 төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээс орон нутагт эрх шилжсэн засварын 19 төсөл, арга хэмжээ 97,3 хувийн биелэлттэй байна. Харин орон нутагт эрх шилжээгүй 22 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 30-40 хувьтай байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн салбарт 29 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн нь 81,6 хувийн биелэлттэй байна. Мөн сум, албан байгууллагад эрх шилжүүлсэн 22 төсөл арга хэмжээ 81,6 хувьтай хэрэгжиж байгаа гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ. Түүнчлэн энэ онд Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц, Малын гаралтай түүхий эд цэвэрлэх байгууламж, Цементийн үйлдвэрийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэлсэн юм.

                                                                                    Н.Лхагва


Холбоотой мэдээ