“Умардын урсгал-2”-той холбоотойгоор Германы компаниудад хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-01-13 12:58:00

БЕРЛИН. /TASS/. “Умардын урсгал-2” төсөлд дэмжлэг үзүүлсэнтэй нь холбоотойгоор Вашингтон хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан захидлыг Германы  компаниудад тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд Ричирд Греннелл илгээсэн байна. Элчин сайдын захидлыг Bild am Sonntag сонинд ням гарагт  нийтэлжээ. 


“Хэрэв Оросын эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлдэг компаниуд холбогдох төслүүдэд оролцвол энэ нь хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг цохон тэмдэглэе” гэж Гренелл захидалдаа дурдсан байна. 


Түүний бичсэнээр, “Балтийн тэнгисээр дамжуулан Европт хий нийлүүлэх “Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” хоолойг ашиглалтад оруулсны улмаас илүүдэл үүсвэл ОХУ-ын зүгээс хөндлөнгөөс оролцох эрсдэл нэмэгдэж, Киев улс төрийн аюулгүй байдлын салбар дахь ач холбогдлоо алдана”. “Эдгээр төслийг дэмжиж буй компаниуд Украин болон Европын аюулгүй байдлыг алдагдуулж байна” гэж тэрбээр үзэж байгаа аж. 


Bild am Sonntag сонинд мэдээлснээр, АНУ-ын эрх баригчидтай зөвшилцсөний эцэст Германы олон компанид илгээсэн захидлыг тэд айлган сүрдүүлэлт гэж хүлээж авчээ. “Захидлыг сүрдүүлгийн хувиар бус АНУ-ын улс төрийн байр суурийн хувиар хүлээж авах хэрэгтэй” гэж Гренеллийн хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулан мэдэгдсэн байна. 


“Умардын урсгал-2” нь жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоолойг Оросын эргээс Балтийн тэнгисээр дамжуулан Герман хүртэл тавих төсөл юм. Төслийн нийт өртөг 9.5 тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ