Алдаатай бодлого, үйл ажиллагааг засч ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-14 20:03:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Улаан салбарын сайдаар томилогдон ажлаа хүлээн авсантай холбогдуулан ХХААХҮЯ-ны удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагын нэгдсэн шуурхай хурал өнөөдөр болов.

Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, шинэ сайд Ч.Улааныг албан ёсоор танилцуулсны дараа, сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барилын байр сууриа танилцуулав. Тэрээр, “Юуны өмнө, яамны удирдлагын алдаатай бодлого, үйл ажиллагааг засч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хууль бус үйл ажиллагааг салбарынхаа бүхий л түвшинд таслан зогсооход онцгой анхаарч ажиллах”-аа онцоллоо.

Түүнчлэн "Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэр бол нөхөн сэргээгддэг, материаллаг баялгийн үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээлч, түүхэн уламжлалтай, өндөр нэр хүндтэй, улсын тэргүүлэх салбар. Энэ салбарын яам бол төрийн чухал институц. Салбарын аливаа бодлого, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн, бодит баримт, судалгаа, нотолгоонд тулгуурласан байх ёстой.


Төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу төрийн албыг бүрдүүлэх, ажилтнуудыг сонгон шалгаруулах, томилох, үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, урамшуулж дэмжих, хариуцлага тооцох зарчмыг хатуу баримталж, зөвд зөөлөн, бурууд хатуу байхыг хичээн ажиллана” гэдгээ илэрхийлэв.

ХХААХҮЯ-наас одоогоор Бэлчээрийн тухай болон Таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, ЖДҮ, хоршоо, ахуй үйлчилгээ зэрэг салбарын үндэсний хөтөлбөрийг батлуулах, зарим бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дэд сайд Ж.Сауле хэллээ.  

 

 

 

 

Холбоотой мэдээ