Хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох санал гаргав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-01-15 14:17:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэлх насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.


Улсын онцгой байдлын хуралдаанаар мөн вирусын эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллээс үзвэл томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд 9.3, нийслэлд 7.1 хувьтай байна. Хүүхдэд баталсан 977 орны ачаалал өнгөрсөн долоо хоногт 73 хувиар нэмэгджээ. Иймээс том хүн, эмч, сувилагч нарын зарим өрөөг сулласнаас гадна, эмнэлгийн коридорт эвхдэг ор дэлгэн хүүхэд хэвтүүлж байна.

“Эвхдэг ор тавих нь хэвийн үзэгдэл биш. Гэхдээ өвдсөн хүүхдийг ор байхгүй гэж буцаахгүйн тулд гал унтраах маягаар авч байгаа арга хэмжээ. Цаашид 700-1000 ортой эмнэлэг барих цаг болсон. Ойрын өдрүүдэд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпитальд нэмж тасаг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд илүү цагаар ажиллаж байгаа бөгөөд резидент эмч, АШУИС-ийн төгсөх дамжааны оюутнуудыг дайчилжээ. 

Тиймээс хүүхдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Холбоотой мэдээ