"Шүр” захынхан НӨАТ-ын шинэчлэлийг эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 19:54:40

Оны эхнээс шинэчлэн хэрэгжүүлж буй НӨАТ-ын тухай хууль Дорнодод 800 гаруй хүнийг бухимдуулж байгаа аж. Захад худалдааны чиглэлийн бизнес эрхэлдэг иргэд НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлийг "Цагаа олоогүй” хэмээн үзэж эсэргүүцэж байна.

НӨАТ-ын тухай хууль хэрэгжих болсноор тус захад нэг бүрийн үнэ нь 7.2 сая төгрөгийн үнэ бүхий гурван "кассын” машин суурилуулна. Түүний нэгнийх нь үнийг захын захиргаа гаргана.

Нөгөө хоёрыг нь түрээслэгчид гарга гэж. Уг машинд тус зах дээр наймаа хийж байгаа иргэд бүртгэгдэж нэг оймс ч зарсан гүйлгээгээ бүртгүүлэх үүрэгтэй гэжээ. Уг машиныг онлайн сүлжээнд холбоход 700 мянган төгрөг хэрэгтэй гэнэ. Хүнс болон бараа бүтээгдэхүүн борлуулдаг иргэдийн хэлж байгаагаар "Өдөртөө 150 мянган төгрөгийн борлуулалт хийдэг иргэний жилийн орлого 50,0 сая төгрөгт хүрч байгаа учраас энэ хуулиар НӨАТ төлөх нь. Үнэндээ 50 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа мэт харагдаж байгаа ч ашиг нь бараандаа шингэж үлддэг. Өнөөх бараа нь улирал нь өнгөрөхөөр дараа жилийн тухайн улирал хүртэл агуулахад өнжинө. Цаг нь болоод гаргаад ирэхэд загвар нь хоцрогдсон гээд өлгүүрт жил өнжих ч тохиолдол энүүхэнд.

Гэвч энэ мэтийн зовлон татварынханд "огт хамаагүй” гэсэн. Захад суурилуулсан шиг машиныг аж ахуй нэгжийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэд 1.7 сая төгрөгөөр өөрсдөө авч суурилуул гэж байгаа. Аж ахуй нэгж учраас татвараас мэргэшсэн нягтлан бодогчтой байхыг шаардана. Мэргэшсэн нягтлан бодогч, худалдагч, жолоочоо цалинжуулна. Дээрээс нь лангууны түрээс өндөр. Захын захиргааныхан өөрсдөө орон нутагт жилдээ ганцхан удаа газрын татвар төлдөг байж биднээс авч байгаа лангууны түрээс, павилон байрлуулсан газрын төлбөр зэргээ хагас жил болоод нэмнэ.

Нэмэхдээ 10, 20 мянган төгрөгөөр биш. Өмнөх үнийн дүнг 50 хувиар өсгөж нэмдэг. Санал бодлоо хэлэхээр павилоноо аваад яв гэдэг. Бид ҮЭ-ийн хороо байгуулж захын захиргаатай Хамтын гэрээ байгуулж үзлээ. Хамтын гэрээг ҮЭ-ийнхэн хуультай адил гэсэн’ Харин манай захын захиргаа, эзэн Шинэбаярт хууль үйлчилдэггүй. Бор зүрхээрээ өөртөө ажлын байр гаргаж гэр бүлээ тэжээж, төрийн иргэнээ хангах хамгаалах үүргийг үүрч яваа бидэнд төр төмөр нүүр гаргаж бидний халаас руу гар дүрэх, биднийг татварын дарамтаар мөлхүүлэх бодлогыг хуулиар баталгаажуулж байгааг бид эсэргүүцэж байна.

НӨАТ-ын тухай хууль байж болох ч цаг нь биш ээ. Цагаа олоогүй хуулийн хор уршгийг бизнес эрхлэгчид төдийгүй худалдан авагчид үүрч байна. Тиймээс "Ард түмний сайн сайхны төлөө ажиллана, орон нутгийн хөгжлийн төлөө оюун ухаанаа зориулна” гэсэн УИХ-ын гишүүдэд бид шаардлага өргөн барина” хэмээн ярьцгаасан юм.

Харин тэд НӨАТ-ын тухай хуулийг батлагдахаас өмнө ийнхүү асуудлаа тавих ёстой байсан байх. Яагаад батлагдсан хойно нь эсэргүүцэх болов гэсэн асуултад "Төрд ачаа үүрүүлэхгүй өөрийгөө болгож яваа бид Монгол хүний уужуу сэтгэлээр төрдөө итгэж явдаг. Монголын төр, хууль санаачлан батлагч УИХ гишүүд бидний их итгэлийг хүссэн аргаараа даралж, дарамталж болох мэтээр авирлаж байна” хэмээн хариулсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ