Сумын тэмээний баярыг гадаадын жуулчид үзэж сонирхов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-16 13:18:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баруунбаян-Улаан сумын ИТХ, ЗДТГ-аас уламжлал ёсоор тэмээний баяраа зохион байгууллаа.

"Тэмээний баяр-2019" арга хэмжээ нь атан тэмээний болон торомны уралдаан, шилмэл буур,  ингэ, ат, Сайхан тэмээтэй хос шалгаруулах тэмцээн, үндэсний бөхийн барилдаан зэрэг үйл явдлуудаар өрнөж, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Төгрөг, Богд, Гучин-Ус сумын малчид тэмээн сүргийнхээ ид хаваар өрсөлдөв.

Атан тэмээний уралдаанд 13 тэмээ уралдаж, Баруунбаян-Улаан сумын Хөөвөр багийн уяач Г.Наранбаатарын хар тэмээ түрүүлсэн бол торомны уралдаанд 13 торомноос  Богд сумын уяач Г.Бат-Отгоны хүрэн тором түрүүллээ. Шилмэл буураар Хөөвөр багийн тэмээчин С.Батсүхийн хар буур,  шилмэл ингээр Цагаан-Овоо багийн тэмээчин А.Хорлоогийн хүрэн ингэ, Сайхан атаар Хөөвөр багийн тэмээчин Д.Жаргалсайханы улаан ат тус тус шалгаран алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Тэмээний баярыг Австрали, Шинэ Зеланд,Франц, Энэтхэг улсын 10 орчим жуулчин үзэж сонирхлоо

Холбоотой мэдээ