ОХУ-ын 170 иргэн "Лалын улс"-ын төлөө амиа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-17 14:24:24

МОСКВА. /TASS/. ОХУ-ын 170 гаруй иргэн Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн төлөө дайтаж яваад амиа алдсан байна гэж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын /ТУХНО/ Терроризмтой тэмцэх төвийн Шинжлэх ухааны зөвлөлдөх зөвлөлийн дарга Марианна Кочубей өчигдөр мэдэгдэв.

“Терроризмтой тэмцэх үндэсний төвийн мэдээлснээр, 800-1500 орчим орос иргэн Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн төлөө дайтаж байна. Тэдний 170 гаруй нь амь үрэгдсэн бөгөөд энэ нь “Лалын улс” бүлэглэл бий болсон цагаас хойших тоо юм” гэж Марианна Кочубей ОХУ-ын Иргэний танхимд болсон уулзалтын үеэр мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэл нь лалын шашинт террорист байгууллага юм. Уг бүлэглэл 2013-2014 онд Ирак болон Сирийн нутаг дэвсгэрийг дамнасан Лалын Левант болон Ирак улс гэсэн нэрээр зартай болсон билээ.

2014 орны зургадугаар сард уг бүлэглэл эзлэн авсан газар нутагтаа “Лалын халифт улс” байгуулж буйгаа тунхаглаж, нэрээ “Лалын улс” болгон зарласан байна.

Уг бүлэглэлийг 30 мянга орчим гишүүнтэй гэж АНУ-ын Тагнуулын төв газар үздэг бол Иракийн эрх баригчид тэднийг 200 мянган гишүүнтэй гэж мэдээлжээ.

Франц, Их Британи, Герман, Марокко, Саудын Арави, АНУ, Канад, ОХУ болон ТУХН-ийн бусад улс зэрэг 80 орчим орны иргэд уг бүлэглэлд нэгдсэн байна. Зарим нэг мэдээллээс үзвэл, “Лалын улс” бүлэглэл Иракийн газар нутгийн 40 хувь, Сирийн газар нутгийн 50 орчим хувийг эзлэн авчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд