Аялал жуулчлалын бүсүүдэд гэр буудал ажиллуулах журамтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-19 08:44:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Дэл уулын гайхамшиг" ТББ хамтран "Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааны зохион байгуулалт, байгаль орчны хамгаалалт” сэдвийн дор зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн нутаг дэвсгэрт байгаа аялал жуулчлалын бүсүүдэд жуулчин хүлээн авах "Гэр буудал ажиллуулах журам”-ын төслийг анх удаа хэлэлцүүлжээ.

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан тус уулзалтаар Цагаан суваргад аялал жуулчлалын хязгаарлалтын бүс тогтоох, жуулчдаас хураамж авч, байгаль хамгаалал орчны тохижилтод зарцуулах, жуулчны бааз, гэр буудлаас гадуур хонож буй жуулчдын түр буудаллах нэгдсэн цэг байгуулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, эко 00 бий болгох, хог хаягдлыг шийдэх, машины түр зогсоолтой болгох зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаа, байгаль орчны хамгааллын талаар олон асуудал хөндөн ярилцаж, тэдгээрийг холбогдох хууль тогтоомж, тогтсон жишгийн дагуу шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулсан байна.


Сүүлийн жилүүдэд тус аймгийн нутгаар аялах гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь аймаг орон нутгийн эдийн засагт таатай нөхцөлийг бий болгож байгаа боловч байгаль орчинд сөргөөр нөлөөлж эхлэх хандлагатай байгаа тул аймаг, сумын холбогдох байгууллагууд аялал жуулчлалын үйл ажиллагаанд ийнхүү хяналт тогтоох шаардлагатай болсон ажээ.

2018 онд тус аймгийн нутагт нийтдээ 14815 гадаадын жуулчин, 4725 дотоодын жуулчин саатсан нь өмнөх  онд аялсан жуулчдын тооноос даруй 6000 гаруй хүнээр илүү байгаа юм. 

Холбоотой мэдээ