Баян-Өлгийд шатахууны үнэ 40-50 төгрөгөөр хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-21 13:53:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь нефть импортлогч компаниудтай зөвшилцөн энэ сарын 15-ны өдрөөс А-80, АИ-92 бензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсон билээ. Дээрх шийдвэрийн хүрээнд Баян-Өлгий аймагт шатахууны үнэ энэ сарын 19-ний өдрөөс 40-50 төгрөгөөр хямдарлаа.

Тухайлбал, Өлгий хотод "Хазына" шатахуун түгээх станц шатахууныхаа үнийг 40 төгрөгөөр бууруулан А-80 бензинийг 1880 төгрөг, АИ-92 бензинийг 1940 төгрөгөөр, харин ихэнх сумдад салбартай "НИК-Петровис", "Рысжан" компаниуд 50 төгрөгөөр бууруулж А-80 бензинийг 1890, АИ-92 бензинийг 1950 төгрөгөөр, дизель түлшийг 2200 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.

Тус аймагт шатахууны үнэ Засгийн газраас зарласны дагуу 100 төгрөгөөр хямдрах эсэхийг импортлогч компаниудаас тодруулахад, "бид бүтээгдэхүүнээ авто машинаар тээвэрлэдэг тул тээврийн зардал өндөр гарна, 100 төгрөгөөр хямдруулах боломжгүй" хэмээлээ.

            Сануулж хэлэхэд, Баян-Өлгий аймагт шатахууны үнэ литр тутамдаа 404-433 төгрөгөөр тус тус өссөнөөс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр дарамт учруулаад байгаа билээ. 

Холбоотой мэдээ