Суманд ядуурлыг бууруулах бүлэг байгуулан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-21 15:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар үндэсний хэлэлцүүлэг “Пума империал” зочид буудалд өнөөдөр боллоо.

“Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг аймаг, орон нутагт “Хүний эрх-хөгжлийн төв”-ийн дэргэд байгуулсан “Мөнгөн хуримтлалын холбоо”-ны бүлгүүдээр дамжуулан хэрэгжүүлж буй туршлагыг өнөөдөр хэлэлцлээ. Энэ талаар Дорнод аймгийн Баяндун сумын Ажлын хэсгийн ахлагч Я.Мөнхзултай уулзаж тодруулав.

-Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор танай суманд ямар ажил явуулж, ямар үр дүнд хүрч байна вэ?

-“Тогтвортой хөгжил-2020 болон 2030” гэсэн томьёоллын талаар бид анх “Хүний эрх- хөгжил төв” (ХЭХТ)-өөс олж сонссон юм. “Тогтвортой хөгжил-2030” гэсэн тунхаг нь иргэн бидний төлөө гарсан чухал баримт бичиг юм гэдгийг ойлгож, улмаар орон нутагтаа хэрэгжүүлэх үүднээс бид иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар ажиллаж буй ХЭХТ-ийн харьяа “Мөнгөн хуримтлал” холбооны бүлгийг сумандаа байгуулсан. Өнгөрсөн хавар “Тогтвортой хөгжлийн зорилт-бидний оролцоо” гэсэн сургалт зохион байгуулж, сургалтаасаа 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан орон нутагт ядуурлыг бууруулж, ажлын байр бий болгох, энд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд жишээ нь, манай улс 2030 он гэхэд ядуу хүнгүй болно гэж заасан байгаа. Үүнийг л бид хэрэгжүүлэх гээд ажиллаж байна.



-Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос яагаад ядуурлыг сонгож авав?

-Орон нутагт ажлын байр байдаггүй. Энэ талаар бид эхний ээлжинд сумандаа мониторинг хийсэн. Тухайлбал, манай суманд хөдөлмөрийн насны 1053 хүн байдгаас 154 нь төрийн буюу төсвийн байгууллагад ажиллагсад, бусад нь юу хийж буй нь тодорхой бус байдаг. Үүнд тэтгэвэртээ гарсан хүмүүс тодорхой хэмжээгээр байгаа ч, 20-30 насны ажил идэвхтэй хайж буй залуус дийлэнх нь байна. Гэтэл тэдэнд ажлын байр байдаггүй.

-“Мөнгөн хуримтлал” бүлгийнхээ үйл ажиллагааны талаар тодруулна уу?

-Энэ нь “Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжье!” гэсэн уриатайгаар цалин, орлого буюу амьдралын хэрэгцээнээс илүү гарсан 5-10 мянга гэх мэт мөнгөө хуримтлуулж, сан байгуулан иргэдэд туслан, тэднийг нийгэмшүүлэхэд зарцуулж ажилладаг. Бидний энэ үйл ажиллагаа “Тогтвортой хөгжил”-ийн ядуурлыг бууруулах зорилттой уялдаж буй юм. Манай суманд “Мөнгөн хуримтлал”-ын 5 бүлэг, нэг холбоо нийт 65 гишүүнтэй ажиллаж байна. Өрх толгойлсон, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ юу ч хийж чадахгүй суугаа хүмүүсийг нэг бүлэг болгон эхний ээлжинд нийгэмшүүлж, санхүүгийн хувьд туслан улмаар банкнаас бага хүүтэй мөнгө зээлж гэр орон байраа засах, эрүүл мэнддээ анхаарах зэргээр амьжиргаагаа дээшлүүлэх арга замд оруулах зорилгоор ажиллаж байна. Тухайн хүн өнөөдрийн жаахан мөнгөө идээд уугаад дуусгачихгүй, тодорхой хэмжээгээр хуримтлуулж өөрийнхөө төлөө зарцуулахад сургаж байна. Үүнд холбооны зүгээс зөвлөгөө өгөх, сургах зэргээр мөн үйл ажиллагааг нь хянаж ажилладаг.

Сумын түвшинд Засаг даргын мөрийн хөтөлбөрт ядуурлыг бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх талаар заасныг авч хэлэлцэн сум орон нутагтайгаа уялдаа холбоотой ажиллаж байна. Ингэснээр сумын удирдлагын зүгээс дээрх чиглэлээр хийж буй ажлыг иргэд үнэлэх боломжтой болж байгаа юм. Засаг дарга үүн дээрээ анхаараад ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой болж, тэр хэмжээгээр ядуурлыг тодорхой байдлаар бууруулж байна. Төр, засаг дэд бүтцийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг аймаг, орон нутаг руу хандуулах шаардлага их байна.

Тодруулга: Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар Дорнод аймгийн хүн ам 79.8 мянга байгаагаас 55 хувийг хөдөлмөрийн насны 43.7 мянган хүн эзэлж байна. Тус аймагт ажилгүйдлийн түвшин 11.6 хувьтай байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 1556 байгаа нь өмнөх жилийнхээс 95 хүнээр буюу 5.2 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 620 нь буюу 39.8 хувь нь эмэгтэйчүүд, 53.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ