Угийн бичгийг хөтөлж сурах сургалт үр дүнтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 21:32:55

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн 24 сумын соёлын төвийн эрхлэгч, аймгийн музей, номын сангийн мэргэжилтнүүд болон сайн дурын иргэдийн төлөөлөл бүхий 50 гаруй хүн угийн бичиг хөтлөх арга зүйд суралцжээ.

Энэхүү сургалтыг Монголчуудын угийн бичгийн академийн ерөнхийлөгч, үндэсний дуу бүжгийн Цагаан сүлд чуулгын дарга, соёл судлалын шинжлэх ухааны доктор, зохиолч, яруу найрагч, ерөөлч магтаалч Ш.Биндэрьяа чиглүүлж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завхан салбар хамтран явуулжээ. Монголчуудын угийн бичиг хөтөлж ирсэн түүхэн товчоо, арга зүй, ёс уламжлал, угийн зураглал, угийн шастир буюу түүхчлэн бичих ёс, тэмдэг тэмдэглэгээ зэргийн талаар сургалтанд оролцогчдод мэдээлэл өгч, онол дадлагын ажил хослуулсан үр дүнтэй сургалт болжээ. Оролцогчид сургалтын үеэр угийн бичиг хөтлөх зааврын дагуу зураглал хийж, өөрсдийн угийн бичгийг хөтөлж эхлэх суурийг тавьсан байгаа. Ер нь Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байсан байдаг. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сургаж ирсэн. Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар болж хадгалагдсаар ирсэн. Тиймээс угийн бичгийг хөтлөх, цаашид сум орон нутагтаа, иргэддээ зааж сургахад хамгийн түрүүн соёлын байгууллагын ажилчид зааж сургах, зөвлөн туслах нь үүрэг юм. Энэхүү сургалтад оролцогчид бол тэр үүргийн дагуу угийн бичгийг хөтлөх, хадгалах, дэлгэрүүлэх ажлыг хийх чухал хүмүүс юм хэмээн сургалтын чиглүүлэгч багш энэ үеэр хэллээ. Сургалтад оролцсон хүмүүсд цаашид энэ чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, хичээл заах эрх бүхий сертификат гардуулж өгчээ. Мөн сургалтад оролцогчид өөрсдийн угийн бичгийг чиглүүлэгч багшийн тусламжтайгаар сургалтын үеэр эхлүүлжээ. 

Ургамал сумын хүүхдүүд гурав дахь жилдээ угийн бичгийн аянд оролцжээ

Сонирхуулахад Завханы 24 сумаас угийн бичиг хөтлөх үйл ажиллагаа, аяныг таван сум зохион байгуулжээ.  Түүний нэг нь Ургамал сум юм. Тус сумын ИТХ-аас сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлж сургах аяныг анх 2016 оноос эхлүүлжээ.

Өдгөө гурав дахь жилдээ тус аяныг өрнүүлж  амжилтанд хүрээд буй аж. Өнгөрсөн 2018 оны тавдугаар сараас эхэлсэн энэ ажил хоёр үе шаттай явагдаж цагаан сарын өмнөхөн үзэсгэлэнгээ гаргажээ. Өвөг дээдэс, садан төрлөө  зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох зорилготой энэ ажлын хүрээнд 100 гаруй сурагч, 60 гаруй залуучууд угийн бичгээ хөтөлж сурчээ. Эдгээр сурагч, залуучуудын өөрсдийн хөтөлсөн угийн бичиг, угийн бичгийн үүх түүхтэй холбоотой сонирхолтой баримт, ном товхимол бүхий 130 аад бүтээлийг үзэсгэлэнгээр дамжуулж иргэдэд сурталчилсан байна. Гэхдээ үзэсгэлэнд тавигдсан угийн бичигт есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн хүүхдүүд цөөн байсан. Харин жил ирэх бүр 9 үеэ мэдэж, сурч, эрж хайж хөтөлж буй нь энэ аяны үр дүн юм. Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг. Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм хэмээн Ургамал сумын Соёлын төвийн эрхлэгч хэлэв. Энэ жил мөн аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ