Хөдөлмөрийн хөлс болон амьжиргааны доод түвшин

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-01-25 19:28:02

Хүн амын амьжиргааны  доод түвшинг жил бүр бүсчлэн тогтоож, Үндэсний статисткийн хороо (ҮСХ) зарладаг. Тус хорооны дарга  энэ сарын 22-нд А/12 тушаал гаргаж 2019 оны хүн амын амьжиргааны доод түвшинг хуулийн дагуу тогтоожээ. Шинэчлэн тогтоосон байдлыг харвал  амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (320 мянга )-ний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сан (НДС)-гаас олгох бүрэн тэтгэвэр (280 мянга)-ийн 66.8-77.8 хувь. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн (155 мянга) 77-89.7 хувийг хангажээ. Мөн улсын хэмжээний  өнгөрсөн оны 3 дугаар улирлын дундаж цалингийн (сая 31 мянга 840) 18.1-21.1 хувьтай тэнцэж байгаа аж. Түүнээс гадна нийгмийн халамжийн сан (НХС)-гаас олгодог халамжийн тэтгэврийн хэмжээ (60 мянга)-нээс 20.7-40.6 хувиар илүү байгаа юм байна.

Шинэчлэн тогтоосныг бүс тус бүрээр нь авч үзвэл , Баруун бүс (Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) 190 мянга 700, Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон) 194 мянга 300, Төвийн бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан- Уул) 187 мянга 100, Зүүн бүс( Дорнод, Сүхбаатар, Хэнтий) 187 мянга 600, Улаанбаатар 217 мянга 900 төгрөг  байна гэжээ. Энэ  үзүүлэлт  2018 онд Баруун бүсэд 178 мянга, Хангайн бүсэд 182 мянга 600, Төвийн бүсэд 175 мянга 600, Зүүн бүсэд 174 мянга, Улаанбаатар хотод 198 мянга 600 төгрөг байжээ. Түүнийг  2019 онтой харьцуулахад, Баруун бүсэд 12.7 (7.2 хувь) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4 хувь) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.5 (6.6хувь ) мянган төгрөг, Зүүн бүсэд 12.8 (7.8%) мянган төгрөг, Улаанбаатар хотод 19.3 (9.7хувь)  мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ. 

ҮСХ-ны даргын А/12 тушаалыг ирэх сарын 1-ээс мөрдөнө. Шинэчлэн тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшинг тухайн жилд нь  хөдөлмөрийн хөлс, НДС,НХС  олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг онцлогтой.

Монгол Улс “Хүн амын амьжиргааны  доод түвшинг тогтоох”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох” тухай хуулиудыг 1998 онд баталсан байна. Улмаар ХХДХ-г тогтоох хуулийг УИХ 2010 онд шинэчлэн найруулж батлан  2011 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдүүлж эхэлсэн юм. Шинэчлэгдсэн хуулиар Засгийн газар (ХНХ сайд), ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (АОЭНХ)  ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээнд нэгжтэй байгууллага (МҮЭ)-ын төлөөлөл бүхий  Хөдөлмөр нийгмийн зөвшилцөл (ХНЗ)-ийн  гурван талт Үндэсний хороо ХХДХ-г хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан билээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-ний хуулийн дагуу ХНЗ-ийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор 2019 оны нэгдүгээр  сарын 1-ээс нэг цагийн хөлс 1904 төгрөг 76 мөнгө буюу  сард  320 мянган төгрөг болгоно гэж 2018 оны 8 дугаар сард ХХДХ-г шинэчлэн тогтоосон билээ. ХХДХ-г тогтоохдоо хүн амын амьжиргааны  доод түвшингийн хамгийн өндөр тогтоосон бүс (Улаанбаатар 217 мянга 900 төгрөг)-ээс дээгүүр тогтоож байхаар хуульчисан юм.

Анх удаа ХХДХ-г 2007 онд амьжиргааны  доод түвшингээс 2,7 дахин өндөр буюу 108 мянган төгрөгөөр  тогтоож байсан  байна. Энэ нь ажиллагчдын цалинг хуулийн хүрээнд эргэн харж, шинэчлэн тогтоож байх идэвхийг сэргээж өгсөн чухал алхам болжээ. Цалин хөлсний хамгийн доод хэсэгт байгаа ажиллагчид (мэргэжил ур чадвар орохгүй хар бор ажил хийдэг хүнийг)-ыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ гэнэ. Энэ нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлтэй, мэргэжил, боловсролгүй тэднийг хамгаалах зорилготой. Ийм учраас олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) - аас цалингийн хамгийн бага энэ хэмжээг хуульчлахыг  улс, орнуудад уриалдаг аж.Тус байгууллагын гишүүн орнуудын 90 хувь нь ХХДХ-г хуульчилжээ. Ингэж хуульчилж өгсөнөөр хамгийн бага цалин авагчид, түүний ар гэрийнхнийг  ядуусын эгнээрүү хальтран орохоос урьдчилан сэргийлэх сайн талтай юм байна.   

Гурван талт Үндэсний хороо 2018 оны 8 дугаар сард хуулийн дагуу 2019 онд  ХХДХ 320 мянган төгрөг гэж тогтоохдоо, 2020 онд энэ хэмжээ  420 мянган төгрөг болно гэж шинэчлэн тогтоожээ. Тус хороог ХНХ сайд (С. Чинзориг) ахалж, МҮЭ (Х. Амгаланбаатар),  АОЭНХ-ны гүйцэтгэх захирал (Х. Ганбаатар) нар ордог. Үндэсний хороо 18 гишүүнтэй, ХХДХ-г хоёр жил тутамд хэлэлцэн шинэчлэн тогтооно. Хуулийн хүрээнд гарсан энэ шийдвэрийг бүх нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй.    

Гэтэл хуульчлан тогтоосон ХХДХ-ээс  доогуур цалин олгодог аж ахуйн нэгжүүд байсаар байна. Тухайлбал 2018 оны гурав дугаар улиралд улсын дундаж цалинг тогтоох судлагаанд хамрагдагсдаас хөдөлмөр эрхэлж байгаа  48 мянган хүн ХХДХ-ээс догуур цалин авч байсан нь тогтоогдсон байна. Хууль зөрчсөн үйлдлийг энэ онд таслан зогсоож, хөдөлмөрчдийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь төрийн  үүрэг болон хувирлаа.  Аж ахуйн нэгжүүд ч  хуулиар тогтоосон ХХДХ-ээс дээгүүр цалин олгох үүрэгтэй. Энэ хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Ажил олгогч та ажилтандаа хандив өгөөгүй, хөлс хүчийг нь шавхаж ашиг, орлого олж байгаа хүний хувьд цалинжуулдаг гэдийг тун мартаж болохгүй шүү. Түүнийг бүү март... Мартвал аз чинь харина, орлого тань буурна.

Холбоотой мэдээ