Дусалд залгуулсан үндэстэн

ТОЙМ
khandmaa@montsame.gov.mn
2019-01-28 11:18:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадад дусал тариаг хориглосон нь үнэн үү, дусал тарианы хэтэрхий гэмээр хэрэглээтэй Хятад улс яагаад ийм шийдвэр гаргасан талаар сурвалжилж өгнө үү хэмээн манай агентлагт иргэд хандсан юм.
Энэ талаар Бээжинд суугаа сурвалжлагчаасаа тодруулахад, ийм албан ёсны мэдээлэл гараагүйг баталлаа. Мөн Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээг шүүрдэж үзсэн ч энэ талын мэдээлэл олдсонгүй. Гэхдээ, Хятадын дусал тарианы хэрэглээг “эрүүл бус” хэмээн баруунд буюу Нью–Йоркт төвтэй “The Epoch times” сонинд бичсэнийг уншигчидтайгаа хуваалцъя.
1980-аад онд өвчтөнд дуслын тариа олныг бичдэг эмчийг “лонхны эмч” хэмээн шоглодог байжээ. Гэтэл бүгд лонхны эмч нар болчихоод байгааг өдгөө хэн ч ойшоохоо больж, харин ч дусал тарианд “донтох” хандлагатай болсон байна. Энэ нь ашиг тусыг нь бүгд хүртдэгтэй холбоотой хэмээн дээрх сонинд бичжээ. Тэгэхээр тэр ашиг тус гэдэг нь юу вэ гэдэгт дээрх сонинд ийм тайлбар бичсэн байна.
Энэ нь эмч нарын мэргэжлийн ур чадвар дутагдсан гэхээс илүүтэй ердөө л санхүүгийн ашиг сонирхол гол шалтгаан нь байдаг. Хятадын эмч нарын орлогын тал хувь нь бичиж өгсөн эм тариатай нь холбоотой. Ялангуяа, антибиотикийг дуслаар бичиж өгөх нь эмч нарт “их ашигтай”. Хятадын эмч нар дуслаар антибиотик хийх аргыг “тахин шүтдэг” бөгөөд өвчин болгоныг энэ аргаар “бөмбөгдөхөөс” огт буцдаггүй. Тиймээс Хятадын антибиотикийн хэт их хэрэглээнд санаа зовж буйгаа хэдэн жилийн өмнөөс  ДЭМБ илэрхийлжээ. Антибиотикийг удаан хугацаанд хэрэглэснээр вирус дасан зохицож, хувьсалд орж /мутаци/, барагтай антибиотикт дийлдэхгүй их хүчийг олдог хэмээн анхааруулсаар байна.

Түүнчлэн чанар муутай эмийн бодис дусал тарианд хэрэглэж байгаа нь Хятадад мөн асуудал болж байна. Тухайлбал, чанаргүй тариа хийлгэснээс шалтгаалан жилдээ 390 000 хүн нас бардаг бөгөөд үүнээс 100 000 нь дуслын тарианаас үүдсэн байдаг байна.
Ханиад томууны улирал эхлэхэд Хятадын эмнэлгүүдэд дусал тарианы жинхэнэ синдром болдог. Энэ үед эмнэлгүүдийн өрөө тасалгаа, хонгил, хүлээлгийн танхим, тэр ч бүү хэл, гудамжаар нэг дусал залгуулсан хүмүүс холхилддог.  Тэдний дотор хүүхдүүд ч олон. Тиймээс Хятадын блогерууд дунд “Дусал залгуулсан үндэстэн” гэсэн хошигнол ч гарчээ.
Хятадын  Хөгжил, шинэтгэлийн хорооны орлогч дарга Жу Жисяны хэвлэлд мэдэгдсэнээр, 2009 онд тус оронд 10,4 тэрбум ширхэг дуслын тариа хэрэглэж байжээ. Энэ нь дэлхий нийтийн дунджаас 3 дахин их буюу тус орны иргэн бүр жилд 8 дуслын тариа хийлгэсэн гэсэн үг юм. Гэтэл дуслын тарианы хэрэглээ энэ оронд сүүлийн 10 жилийн дотор жил тутам 20 хувиар өсөж байгаа аж.
Мөн Хятадын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмийн гаж нөлөө судлах төвийн тогтоосноор, эмчийн бичиж өгсөн эм, тарианы гаж нөлөө, харшлын (реакци) улмаас жилд 2,5 сая орчим хүн эмнэлэгт хэвтдэг байна. Мөн Хятадын Эрүүл мэндийн холбооны салбарын дарга Ян Жиин Хятадад 10 сая хэлгүй, дүлий иргэн байгаагийн 60-80 хувь нь эмийн гаж нөлөөний улмаас тийнхүү зэрэмдэг болсон байдаг гэж 2011 онд мэдэгдэж байжээ.
“Энэ бол манай эрүүл мэндийн салбарын эмгэнэл болчихоод байна. Жаахан ханиад тусахад л эмч нар дусал тариа бичдэг. Хүүхэд нь өвдсөн олон эцэг эх, ялангуяа ахмадууд, дуслын тариаг эмчилгээний хамгийн үр дүнтэй, шуурхай арга, хэрэгсэл гэж ойлгож байна. Тэдэнд ийм эмчилгээний сөрөг үр дагаврын тухай төсөөлөл ч алга” хэмээн дуслын тарианы үр дагавраар хүүгээ алдсан Сяогань хотын иргэн, Ци овогт The Epoch Times сонинд (Нью-Йоркт төвтэй олон улсын сонин) ярьжээ.
Тэгвэл манай эмч нарыг голлон бэлтгэж байсан оросууд дусал тариаг хэрхэн үздэг болсон талаар мэдээлэл хайж үзэхэд, тус орны судлаачдын шүүмжлэлтэй ханддаг нэг сэдэв нь мөн л энэ асуудал байх юм.
Тус орны судлаачид, “Капиталист, социалист системийн өрсөлдөөний үед эрүүл мэндийн шинжлэх ухаан зөвлөлтийнх, барууных гэж хоёр хуваагдсан. Баруунаас төмөр хөшгөөр тусгаарлагдсан ЗХУ дэлхийн шинжлэх ухааны ололтууд, үүний дотор эрүүл мэнд, эм зүйн ололт амжилтаас таслагдсан. Өнгөрөгч зууны дунд үед боловсрол олсон эмч нар “өвгийн үеийн” арга хэрэгслээрээ эмчилсээр, дараа дараагийнхаа үеийн оюутан, залуу эмч нарыг мөн л энэ арга барилдаа дадлагажуулсан. 1990-ээд оны үед төмөр хөшиг нуран унахад, дэлхийн шинжлэх ухааны ололт амжилтуудыг одоо л нэвтрүүлэх нь гэж бодтол, дийлэнх эмч хагас зуун жилийн өмнөх нөгөө л арга барилтайгаа зууралдсаар байна” гэж шүүмжилсэн байна.
Ер нь бол, барууны орнуудад дусал тариаг онцгой тохиолдолд буюу, хүний бие организмд эмийн бодисыг нэн яаралтай хүргэх шаардлага гарсан үед л хэрэглэхийг зөвлөдөг байна. Жишээ нь, уушгины үрэвсэл хатгаа, зүрхний шигдээсийн бүлэнг уусгах, хорт хавдрын химийн эмчилгээний үе зэрэгт антибиотикийг  дусал хэлбэрээр хийхийг зөвшөөрдөг. Бусад өвчинд эм бэлдмэл уух зэрэг аль болох зөөлөн аргаар эмчлэх нь зүйтэй хэмээн үздэг юм байна.
Харин манай оронд дусал тарианы хэрэглээ ямар байгаа, ямар бодлого барьж буй талаар бид сурвалжлах гэсэн боловч, “Дусал тариаг хэрэглэхгүй байх арга байхгүй шүү дээ” хэмээн “онолдож”, энэ талаар тодорхой мэдээлэл өгөх “завтай хүн” олдсонгүй.
Дусал тарианы чанар үйлдвэрлэлийн талаар асуусан манай сэтгүүлчийн асуултад, өмнө нь эмнэлэг бүр үйлдвэрлэдэг байсан бол одоо хоёр л үйлдвэрт дусал тариаг дагнан үйлдвэрлэдэг болсон гэсэн тайлбараас өөр мэдээлэл өгсөнгүй. 
Бид эмчилгээний энэ аргыг үгүйсгэх, буруу зөв гэж шүүх гэсэн биш бөгөөд гагцхүү дусал тариаг хамаа намаагүй хэрэглэх нь зохисгүй гэдэг асуудлыг л хөндөхийг зорьсныг мэргэн уншигчид маань ойлгох биз ээ. Хордлого тайлна хэмээн дур зоргоороо дусал шахуулаад байх нь хэр зөв бэ гэдгийг бодох л хэрэгтэй болов уу.

Хятадын Хубей мужийн Сяогоан хотын хятад сургуулийн сурагчид ЭЕШ-д бэлтгэж байгаа нь. Хятадын эцэг эхчүүд ядаргааг нь тайлна хэмээн, хүүхдүүдээ ийнхүү дусал тариатай “уячихдаг” аж.

Холбоотой мэдээ