"Мөрөөдлийн автомашин" хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийг авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-28 17:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Тоёота Мотор" корпорацаас зохион байгуулдаг олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд дэлхийн 75 орны хүүхэд оролцдог том төсөл юм. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулж байгаагаас Монгол Улс 5 дахь жилдээ оролцох гэж байна. Энэ жилийн уралдааны онцлог нь хүүхдийн зурах ур чадвараас илүү төсөөлөл, өвөрмөц сэтгэлгээг нь онцлох юм.

Уралдаанд оролцохдоо усан будаг, маркер, өнгийн харандаа, өнгийн шохой зэргийг ашиглан өөрийн мөрөөдлийн машиныг бүтээлчээр зурж илгээнэ. Бүтээлийн санааг товч тайлбарласан нэр өгөх, зохион байгуулагчдын зүгээс гаргасан бүртгэлийн маягт эцэг эх, асран халамжлагчийн гарын үсэг болон холбоо барих утас зэрэг чухал мэдээллүүдийг орхигдуулахгүй эмх цэгцтэй бөглөсөн байх ёстой. Бүтээл нь зургийн олон төрлийг агуулсан байх боломжтой ч компьютер график ашигласан, хамтарсан байж болохгүй. Арын дэвсгэрийг будсан байх ба хар, цагаан ажилбарыг хүлээн авахгүй. Зурах цаасны хэмжээ 40cм x 55cм-с илүүгүй буюу A3 байвал зохимжтой. Уралдаанд оролцогчдыг 0-7, 8-11, 12-15 нас гэсэн гурван ангилалд хувааж  бүтээлийг авч байна. Бүтээлийг эхлээд “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК”-ны  төлөөлөл болон мэргэжлийн хүнээс бүрдсэн баг шүүж, ангилал тус бүрд шилдэг бүтээлийг шалгаруулна. Нийт бүтээлээс шилдэг 9 бүтээлийг Япон улс руу олон улсын "Dream Car" (Мөрөөдлийн машин) уралдаанд илгээнэ. Дээрх насны ангилалд шалгарсан тохиолдолд оролцогч хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт Япон орноор аялах эрхээр шагнуулна. Бүртгэлийг 2 дугаар сарын 22 хүртэл Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгат, "Twin Tower-1" цогцолборын 5 давхар, 505 тоот, "Вайрал Партнерс" ХХК-н байранд хүлээн авч байна. Хөдөө орон нутгаас оролцогч “Ш/Х-3030 Вайрал Партнерс ХХК” гэх дугаартай шуудангийн хайрцагт илгээх боломжтой, бүртгэлийн маягтыг үнэн зөв, нягт нямбай бөглөх шаардлагатай. "Мөрөөдлийн машин" гар зургийн уралдаан бүртгэл хийж эхэллээ.

Холбоотой мэдээ