Ахмад профессорууддаа АШУҮИС насан туршид нь тэтгэлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-31 17:52:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АШУҮИС сар шинийн баярыг угтан профессор, ахмад багш, ажилтнууддаа хүндэтгэл илэрхийлэв.

Энэ үеэр тус сургуулийн захирал Ж.Цолмонгийн санаачилгаар, 25 болон түүнээс дээш жил анагаах ухааны салбарт хүчин зүтгэсэн доктор, профессоруудад насан туршийн тэтгэлгийг энэ жилээс эхлэн олгох болсныг дуулгалаа. Энэ нь Монголын их, дээд сургуулийн хувьд анхдагч ажил болж байна.

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлэхдээ, “АШУҮИС анх 1942 онд Монгол Улсын хүн эмнэлгийн факультет хэмээн үүсэн байгуулагдсанаас хойш Анагаахын ухааны дээд сургууль, Анагаах ухааны их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гээд өнөөгийн АШУҮИС хүртлээ 72 жилийн түүхт он жилийг туулжээ. Түүнээс хойш үе үеийн эрдэмтэн, профессорууд Монгол Улсад өрнийн анагаах ухааныг хөгжүүлж дэлгэрүүлэхэд гавьяа байгуулсан юм. Монголын ард түмэн эрүүл саруул, оюунлаг хүмүүнлэг, ардчилсан Монгол Улсыг цогцлооход эрдэмтэн профессоруудын хөдөлмөр зүтгэл их юм. Бид өнөөдөр 350 гаруй ахмадыг хүлээн авч байна. Үүнээс гадна анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд гавьяа байгуулсан ахмадуудаа урамшуулж, 25 болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан профессор хэмээх хүндэтгэлтэй цолыг хүртсэн 40 эрдэмтэн багшид насан туршийн тэтгэлэг олгож байгаа юм. Хүн ардын сайн сайхны төлөө зүтгэсэн гавьяаныхаа шагналт цалинг тэтгэвэрт гарсан ч сар бүр авч байх ёстой. Ийм тогтолцоо дэлхийн жишигт бий. Тиймээс хүн ардын энхийн манаанд зогсож байсан эрдэмтэд маань бусад салбарын эрдэмтдээс онцгой гавьяатай. Энэ хүмүүс багш, эрдэмтэн, судлаачаас гадна эмч мэргэжилтэй хос морьтой гавьяатай хүмүүс юм. Эдгээр хүмүүсийнхээ гавьяаг үнэлж баршгүй” гэв. 
Энэ жилийн хувьд АШУҮИС-д багшилж, хөдөлмөрөө үнэлүүлсэн 40 профессор батламжаа гардан авсан юм.


Анагаах ухааны доктор профессор Г.Наран, “АШУҮИС-д нийт 33 жил багшилсан. Энэ хугацаанд бид лабораторид ажилладаг эмч нарын сургалтыг шинэ маягаар зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг багшийг бүтэн жилийн хугацаанд дагалдаж сурдаг байсан бол олон багш, эмч нарыг тойрч сургадаг болсон нь шинэлэг зүйл болсон. Тэтгэвэрт гарснаас хойш эмнэлгүүдэд гэрээгээр зөвлөх эмчээр ажиллах, эмч нарыг дагалдан сургах, лекц уншиж шинэ мэдээлэл хүргэж ажилладаг. Мөн эмч нарт хэрэгцээтэй мэдээллийн орчуулга хийж түгээж байна. АШУҮИС-д суралцаж байгаа ирээдүйн эмч нартаа захиж хэлэхэд, өөрсдийгөө дайчлан, хэлний мэдлэгээ зайлшгүй сайжруулах ёстой. Англи, орос хэлийг сурч мэдээллийг чөлөөтэй авдаг байх хэрэгтэй” гэв.

 

Холбоотой мэдээ