Македонийг НАТО-д элсүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-06 07:32:44

БРЮССЕЛЬ. /ТАСС/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн 29 улс болон Македон улсын элчин сайд нар өнөөдөр Брюссель хотод болох Умард Атлантын зөвлөлийн хуралдааны үеэр Македонийг НАТО-д элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурах аж. Холбоотнууд энэхүү баримт бичгийг даруй баталж, Македонийг НАТО-д элсүүлэх үйл явцыг ирэх 7 дугаар сар гэхэд дуусгасан байх болно гэж үзэж байна. НАТО-гийн гишүүн улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх 7 дугаар сард болох юм.


“Бид түүхийг бичих болно. Македонийг НАТО-д элсүүлэх тухай протоколд холбоотнууд Македонийн Гадаад хэргийн сайд Никол Димитроватай хамт гарыг үсэг зурна” хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна. 


Нэрний асуудлаар 27 жил үргэлжилсэн маргааны улмаас Македонийг НАТО-д элсүүлэх үйл явцад Грек улс хориг тавьсан юм. Македон болон Грекийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд хоёр орны залгаа хилийн дунд оршдог Преспа арлын эрэгт хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан тус улсын нэрийг албан ёсоор өөрчлөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Македонийн парламент энэ оны 1 дүгээр сарын 11-нд үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулахыг сайшаан баталжээ. Энэхүү үйл явц нь улс төрийн ихээхээн дуулиан шуугиан, эсэргүүцлийг дагуулсан юм. 

Холбоотой мэдээ