Жей-Зи, Бионсе нар үнэгүй тоглолт үзэх боломжийг олголоо

Дэлхийн мэдээ | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-12 14:18:42
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /Greenprint/. Ургамалд суурилсан хоол хүнс хэрэглэж, цагаан хоолтны амьдралын хэв маягийг сонговол 30 жилийн турш үнэгүй тоглолт үзэх тасалбар хожих боломжийг Холливудын алдарт хос болох Жей Зи болон Бионсе нар шүтэн бишрэгчдэдээ олгожээ. Энэ тухай Бионсе 123 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлжээ.


Бионсегийн инстаграм хуудасны “bio” хэсэгт байрлах холбоос дээр дарснаар амьдралынхаа турш үнэгүй тоглолт үзэх тасалбарын сугалаанд оролцох боломжтой болох аж.


Алдарт хосын дасгалжуулагч Марко Боргес “The Greenprint: Plant-Based Diet, Best Body, Better World” номынхоо танилцуулгадаа хосууд эцэг эх болсноор амьдралын хэв маягаа хэрхэн өөрчилсөн хийгээд ямар хоол иддэг тухай хуваалцжээ.


Тэд “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Хүүхэдтэй болсон нь бидний амьдралыг маш их өөрчилсөн. Бид эрүүл мэндийг дэглэм барих гэж боддог байсан ч жинхэнэ үнэн нь энэ биш байсныг олж мэдсэн. Амьдралын хэв маягаа боломжтой бүх хүмүүстэй хуваалцах нь бидний даалгавар болон хувирсан юм” гэж хэлжээ.


Бионсе өмнө нь 2018 оны гуравдугаар сард инстаграм хуудсандаа “Coachella тоглолт болоход 44 хоног үлдлээ. Цагаан хоолтон болох цаг” тайлбартайгаар зураг нийтэлж шүтэн бишрэгчдээ 22 өдрийн турш дэглэм барихыг уриалж байв.


Номын төгсгөлд “Бид бүгд өөрсдийнхөө эрүүл мэнд төдийгүй энэ гаригийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай. Үнэнийг түгээе. Энэ үүрэг даалгаврыг хөдөлгөөн болгон өрнүүлье. Ногоон хоолтон болцгооё” хэмээн хүмүүсийг уриалжээ.


Жей-Зи болон Бионсе нар 2013 оноос амьдралын хэв маягаа өөрчилж, цагаан хоол идэж эхэлсэн байна. Тэд энэ жилийг “Цагаан хоолны жил” болгон зарлаж, цаашид мах, цагаан идээ болон өндөг дахин хэрэглэхгүй байж, байгаль орчинд ээлтэй ургамал, ногоо хүнсэндээ хэрэглэхийг уриалжээ.

Холбоотой мэдээ