БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бодлогын баримт бичиг боловсруулахыг үүрэг болгов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-02-12 08:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг яамны болон харьяа байгууллагын нийт албан хаагчдыг оролцуулсан анхны шуурхай хурлаа хийж, цаашид сайдын зүгээс баримтлах зарчмаа танилцууллаа.

Тэрбээр яамны бүх газар хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал байгааг нэг бүрчлэн дурдаж, ахин ийм алдаа гаргахгүйгээр, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төлөвлөлтөө сайн хийхийг сануулав. Үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллахыг мөн үүрэг болголоо.

Тэрбээр, “Энэ оноос худалдан авах ажиллагааг яам хариуцахгүй, орон нутагт нь шилжүүлнэ. Тиймээс бодлогоо тодорхойлж, хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн хувийг өндөрсгөх, сар бүрийн эхний 5-нд аймаг орон нутаг, сум, дүүргээс явцын мэдээлэл авч, 8-нд сайдад танилцуулах, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллана” гэв.

Яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ил, тод байдлыг хангаж ажиллах, салбарын мэдээлэл сурталчилгааг шинэ түвшинд гаргах, хүн бүр хариуцсан ажлаа нээлттэй ил тод мэдээлэх чиглэлийг өглөө.

Мөн салбарын хэмжээнд албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтыг эргэн харах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үр дүнг үнэлэх, урамшуулах журмыг эргэн харах, албан хаагчдыг сургах, дадлагажуулах, байгууллагын соёл, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой болон өмнөх сайд нарын санаачилсан ажил залгамж чанараа алдахгүй үргэлжлэн хэрэгжих, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүх ажил, баримт бичиг хуулийн хүрээнд байх хэрэгтэйг онцгойлон сануулав.

Холбоотой мэдээ