Улаанбаатар хотын төв номын санд казах хүүхдийн номын булан нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-12 17:57:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн номын сангийн тасагт казах хүүхдийн номын булан нээхээр болжээ.

Уг ажлыг тус номын сангийн ажилтан М.Рая санаачилсан бөгөөд хүүхдийн уран зохиол, түүх, танин мэдэхүйн ном голдуу тавихаар ажиллаж байгаа аж.

Номын сангийн удирдлагын зүгээс эл асуудлаар Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлд хамтран ажиллах санал хүргүүлжээ. Харин Нутгийн зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон холбогдох төрийн бус байгууллагуудад хүсэлт тавьж, ирэх дөрөвдүгээр сар хүртэл ном цуглуулах хандивын аян өрнүүлэхээ илэрхийлээд байна.

Холбогдох хүмүүсийн тайлбарласнаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв намын сангийн казах хүүхдийн номын булан энэ оны дөрөвдүгээр сарын эхээр олны хүртээл болох ажээ.  

Холбоотой мэдээ