"Цөлжилтийн эсрэг-Ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний хурал Өмнөговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-26 15:51:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. "Цөлжилтийн эсрэг-Ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2025 оны аравдугаар сарын 3-4-нд болно.


Энэхүү хурал нь Монгол орны хуурай, гандуу бүс нутагт тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухааны мэдлэг, практик туршлагыг харилцан хуваалцах, нийтэд таниулах болон орон нутагт нэвтрүүлэхэд мэдлэг, мэдээлэл болон чадавхын гүүр болох зорилготой юм. Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ын Талуудын бага хурал буюу COP17-гийн зорилтуудтай нийцүүлэн Монгол орны үүрэг, хувь нэмрийг тодотгож, олон улсын хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулахыг зорьж байна.


Хурлааар:

  • Ган, газрын доройтол, цөлжилт зэрэг тулгамдсан асуудлыг даван туулах боломжит шийдэл, туршлагыг хэлэлцэх;
  • Усны нөөцийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтэд суурилсан шинэлэг арга барилыг тодорхойлох;
  • Цөлжилттэй тэмцэх инновац, технологи, шинэлэг шийдэл, хэрэглээг танилцуулах;
  • Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж, түншлэлийг өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  • COP17-ийн хүрээнд дэвшүүлсэн санаачлага, зорилтуудтай уялдуулан шинжлэх ухаанд суурилсан шийдэл, олон талт хамтын ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлд төвлөрч ярилцах юм.

Хурлаар хэлэлцэх үндсэн сэдвүүд:

1. Цөлжилт, газрын доройтол ба UNCCD COP17

2. Хууль эрх зүйн орчин, бодлого, төр, хувийн хэвшлийн түншлэл

3. Усны нөөцийн тогтвортой ашиглалт, хамгаалал

4. Нөхөн сэргээлт, технологи, инновац

5. Бэлчээрийн тогтвортой менежмент ба гандуу бүс нутаг

6. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүд байх бөгөөд эдгээр сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар бүс нутгийн болон олон улсын эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлагыг нэгтгэн, цөлжилттэй тэмцэхэд бодитой, хэрэгжихүйц шийдлүүдийг хамтдаа эрэлхийлэх ажээ.


Хурлын талаарх мэдээллийг ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ цахим хуудаснаас авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ