Монгол Улс Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан, тус бүлгийн Элчин сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг энэ сарын 24-нд ДХБ-ын байранд зохион байгуулав.
Эл уулзалтад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бүлгийн 32 гишүүнээс 20 гишүүн оролцож, 15 гишүүн улсын төлөөлөгч байр сууриа илэрхийлж, үг хэллээ. Гишүүд хэлсэн үгэндээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (НҮБ-ын ХХБ)-ын 16 дугаар Бага хурал, ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр Бага хурлын босгон дээр хариуцлагатай үүргийг хүлээн авсан Монгол Улсад талархан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа бүлгийн ойрын болон
хэтийн төлөвлөгөөг танилцуулж, гишүүн орнууд идэвхтэй хамтран ажиллах, НҮБ-ын
Худалдаа, хөгжлийн байгууллагын 16 дугаар Бага хурлын Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Сайд нарын
дугуй ширээний уулзалтаас гарах Хамтарсан тунхаглалын төсөлд саналаа өгөхийг
уриаллаа.
Уулзалтад ДХБ-ын Хөгжлийн бодлогын газар, НҮБ-ын ХХБХ-ын
Төсөл хөтөлбөр, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөлөл оролцож, Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч илтгэл
танилцуулав.
Гишүүд энэ оны наймдугаар сард болсон ДГХБО-уудын 3 дугаар Бага хурлын үр дүнг бататгах, ДГХБО-ын Авазагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдгээр орнуудад зориулсан Ажлын хөтөлбөрийг ДХБ-ын хүрээнд батлуулах, ДХБ-ын бүтцэд ДГХБО-уудын албан бүлгийг бий болгох зорилго тавин ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.