ЗАВХАН: Өсвөрийн аврагч багаар Дэвшил сургууль шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-26 15:12:50

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Завханы төвийн бүс буюу Улиастай сумын сургуулийн хүүхдүүдийн дунд өсвөрийн аврагч аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Төвийн бүсийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, Ургамал сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн нийт 6 багийн 40 гаруй суралцагч өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.


Хүүхдүүд гамшгийн эрсдэлийн үед өөртөө болон бусдад хэрхэн туслах талаар заалгаж, суралцсан, танин мэдсэн чадваруудаараа өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо.


Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох зорилготой өсвөрийн аврагч бүлгүүдийг байгуулсан.


Өнөөдрийн байдлаар аймгийн ерөнхий боловсролын 7 сургууль дээр өсвөрийн аврагч бүлгийг байгуулж, өөрийн байгууллагынхаа дэргэдэх өсвөрийн аврагч бүлэг болгож чадавхжуулах сургалтуудад жил бүр хамруулж байна.


Эдгээр сурагчдыг илүү чадвартай болгох, урам өгөх, дадлага сургуулилтыг нь бататгах зорилгоор өсвөрийн аврагч шилдэг хүүхдүүдийг шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж байна.


Энэ удаагийн тэмцээний аваргаар Улиастай сумын Дэвшил сургуулийн баг тамирчид тодорлоо. Удаах байруудад Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын III сургууль, IV сургуулийн баг тамирчид шалгарсан байна. Манай байгууллагаас өсвөрийн аврагч бүлгийг сурталчлах, үйл ажиллагаа явуулах сургалтын танхимыг тохижуулах, хувцсаар жигдлэх, сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ жил өсвөрийн аврагч хүүхдүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг бүсчлэн зохион байгууллаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч, Ц.Ням-Очир мэдээлэв. 

Хүүхдүүд хүний амь нас аврах чадвараараа өрсөлдлөө


Өсвөрийн аврагч хүүхдүүд анхан шатны тусламж үзүүлэх чадвараараа өрсөлджээ

Холбоотой мэдээ