Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-13 13:59:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас мэдээлснээр банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн хэмжээ 17.1 их наяд төгрөг болоод байна. Үүнээс төгрөгийн зээл 14.4 их наяд, ам.долларын зээл 2.7 их наяд төгрөг байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх 12-р сарынхаас 506 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь гурван хувиар өссөн үзүүлэлт аж. Зээлийг төрлөөр нь авч үзвэл хэвийн зээл өмнөх сараас 915 тэрбум төгрөг буюу долоон хувиар өссөн байна. Харин хугацаа хэтэрсэн зээл мөн өмнөх сараас 125 тэрбум төгрөг буюу 13 хувиар, чанаргүй зээл мөн өмнөх сарынхаас 283 тэрбум төгрөг буюу 14 хувиар тус тус буурчээ.

Сүүлийн жилд манайд хэрэглээний зээл өссөөр байна. Манай улсын импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүний эзэлж байна. Энэ нь нэг талаар импортыг өдөөж буйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдэгдэж байна. Импортын зээл өмнө нь хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан бол одоо дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсжээ. Тиймээс замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч ирснийг мэдэгдэж, хэрэглээний зээлийг хумих бодлогыг Монголбанкнаас барьж буйг хэлж байна. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэл, бизнесийн зээл болон зөв хэрэглээний зээлийг дэмжих шаардлага гарч буй. 2018 оны шинэ зээлд хэрэглээ, үйлдвэрийн зээл тэнцүү гарсан байна. Тэгвэл өнгөрсөн оны эхний хагас жилд нийт зээлийн 80 хувийг хэрэглээний зээл  эзэлж, үйлдвэрлэлийн зээл 20 хувьтай байжээ. Зээлийн үлдэгдлийг бүтцээр авч үзвэл:

  • цалин тэтгэвэр 26 хувь
  • худалдаа 14 хувь
  • үл хөдлөх 11 хувь,
  • барилга 9 хувь
  • уул уурхай 7 хувь
  • автомашин 3 хувийг тус тус эзэлж байна
Холбоотой мэдээ