Венесуэлийн сөрөг хүчин БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-13 18:01:44
Yesukheitumur Tumurbaatar

КАРАКАС. /Xinhua/. Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдогийн байгуулсан тусгай комиссын гишүүд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн тухай лхагва гарагт Венесуэлийн хэвлэлд мэдээлжээ.

 

Венесуэлийн "Nacional" сонинд мэдээлснээр, Хуан Гуайдогийн АНУ дахь төлөөлөгч Карлос Векчиогийн зохион байгуулсан энэхүү уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон байна. Венесуэлийн сөрөг хүчин цаашид БНХАУ-тай явуулж буй хамтын ажиллагаагаа хадгалах, тэр дундаа Венесуэлийн газрын тосны салбарт БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах хүсэлтэй байгааг мэдээнд дурджээ.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэл хийхдээ, “бид Венесуэлтэй газрын тосноос бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно" гэж дурдаад, Венесуэлийн газрын тосны салбарт тавьсан АНУ хориг арга хэмжээг эрс буруушаасан байна. Үүний зэрэгцээ тэрбээр, Венесуэлчүүдийн амьжиргааны түвшинг доош татах эрсдэлтэй энэхүү хориг арга хэмжээний хариуцлагыг АНУ хүлээх ёстой гэж онцлон тэмдэглэжээ.


Н.Мадуро нь Венесуэлийн хууль ёсны бөгөөд Үндсэн хуулийн дагуу сонгогдсон Ерөнхийлөгч мөн гэж ОХУ, БНХАУ, Турк, Иран, Уругвай зэрэг орон түүнийг дэмжиж байгаа бол АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд Хуан Гуайдог дэмжиж байгаа юм. 

Холбоотой мэдээ