Газрыг давхардуулан олгож буй зөрчил маргааныг арилгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-14 13:53:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны дарга, удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн БХБЯ-нд боллоо.

Зөвлөгөөнийг нээж БХБ-ын сайд Х.Баделхан хэлэхдээ, “Засгийн газрын зүгээс газрын харилцаа, барилга, хот байгуулалт, геодези, зураг зүйн асуудалд анхаарч ажиллаж байгаагийн үр дүнд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан”-ыг онцолж байв.

Цаашлаад өнгөрсөн хугацаанд “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, сүүлийн 20 жилд мөн шинэчлээгүй ирсэн газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоосныг тэмдэглэж байв. Тэрээр, “2019 онд манай яам салбарын хэмжээнд төрөөс баримтлах бодлого, Газрын багц хуулиудын төслийг эцэслэн боловсруулж батлуулах, газрын харилцааны шинэчлэлийг төгс төгөлдөр хийхэд онцгой анхаарч ажиллана” гэв. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан мөн энэ оныг “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон ажиллана. Үүний нэг гол ажил “Ухаалаг газрын харилцаа”-г бий болгох нь иргэдийн хүсэн хүлээсэн нийгмийн захиалга хэмээн үзэж, энэ онд баталсан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г аймаг, хот, орон нутагт хэрэгжүүлж ажиллах нь чухал байна” гэв.


Зөвлөгөөний үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүтэй уулзвал, “Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 20 гаруй хувийг газрын маргаантай холбоотой хэрэг эзэлж буй”-г хэлж байв.


Өнгөрсөн онд газрын харилцааны мэдээллийн санг үүсгэсэн бол энэ онд газрын багц хуулийн төсөлд голд анхаарлаа хандуулж ажиллана. Ингэснээр газар олголт, зохион байгуулалттай холбоотой маргаан арилна гэж байв.

Газрын тухай болон Иргэний тухай хуулийг 2002 онд зэрэг шинэчлэн баталсан ч эдгээр хуулийн хоорондын уялдаа холбоог хангаагүй учир нэг нэгэндээ зөрчилдсөөр ирсэн учир одоо Газрын тухай хуулийг Иргэний хуулийн үндсэн шаардлага ханган зохицуулж өгөх хэрэгтэй байгааг тэмдэглэж байв.


Өнгөрсөн хугацаанд газрын харилцаатай холбоотой бүх мэдээллийг нэг санг үүсгэж бий болгосон. Өнөөдөр хэн, хаана хэдий хэмжээний газар эзэмшиж байгаа болон газрын төлбөр, татвартай холбоотой бүх мэдээлэл тоон хэлбэрээр нэг санд орсон. Энэ санг Улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбосон, одоо татварын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байна. Ингэж газрын мэдээлэл цахим хэлбэрээр нэгдсэн учир одоо газартай холбоотой үүсдэг үл ойлголцол, маргаан зөрчлийг арилгана гэж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ