Замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулснаас хүүхэд бэртэж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-15 17:10:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 960 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 хэргийг шалгаж шийдвэрлэжээ. Эдгээрийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад, нийт дуудлага 18 хувиар, зам тээврийн ослын дуудлага 17 хувиар буурсан дүн аж.

Гэхдээ зам тээврийн ослоос гэмтсэн хүний тоо 32 буюу өмнөх долоо хоногийнхоос 68 хувиар өссөн байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь зам хөндлөн гарч байсан байна.

Тэдний дийлэнх нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон буюу 14 хүртэлх насны хүүхдүүд байв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон бол, 38 жолоочийг баривчлах арга хэмжээ авчээ. 

Зам тээврийн ноцтой осол, хэргээс дурдахад, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хөх хад” гэх газар шороон замд мотоцикл онхолдож, 39 настай эрэгтэй амиа алдсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Их нарангийн замд 5-7 настай хоёр хүүхэд автобусанд мөргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ