Уртын болон нийтийн дуу дуулаачдыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 11:45:30

Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ардын авьяастнуудын дуулах ур чадварыг дээшлүүлэх, биет бус соёлын өвийг өвлөх, сэргээх, бусдад түгээн дэлгэрүүлэх зэргээр уртын дууны урын санг баяжуулахад хувь нэмэр оруулж, залуу авьяастнуудын урам зориг, идэвхийг өрнүүлэх зорилгоор “Монгол ардын уртын дуу, нийтийн дуу дуулаач” шалгаруулах уралдааныг 17-с дээш насны ардын авьяастан болон уран сайханчид дунд зарлан  явууллаа.

Энэхүү уралдааныг Богд хаант Монгол улсын төрийн дууч Г.Повронгийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. “Уртын дуу”-ны төрөлд 18 ардын авьяастан оролцсоноос Дэлгэр сумын оролцогч Т.Мөнх-Амар 1-р байр, Бугат сумын оролцогч Э.Цогбадрах 2-р байр, Эрдэнэ сумын оролцогч Д.Балжинням 3-р байр, Есөнбулаг сумын оролцогч Л.Ника тусгай байр, Тайшир сумын оролцогч Д.Баатарсүх мартагдсан дууг сэргээн дуулсан төрөлд тус тус шалгарсан байна.

Нийтийн дуу дуулаачдын төрөлд 30 ардын авьяастан оролцсоноос Жаргалан сумын оролцогч З.Түвшинсүлд гранпри, Тайшир сумаас оролцогч Д.Ганбаатар 1-р байрт,  Есөнбулаг сумаас оролцогч  Г.Долгормаа 2-р байрт, Есөнбулаг сумаас оролцогч Б.Буян-Арвижих 3-р байрт, Есөнбулаг сумаас оролцогч Ж.Өлзий-Орших, А.Түвшинбаяр нар тусгай байрт тус тус шалгарлаа. Уралдааны шагналын санг аймгийн ЗДТГ-аас ивээн тэтгэжээ. 

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ