Салбар зөвлөл ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-18 11:46:32

Дорноговь /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар хоёрдугаар сарын 16-нд бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж, салбарын 2018 оны ажлын тайлан хэлэлцсэнээс гадна энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталжээ.

Дорноговийн салбар 2018 онд МСНЭ-ээс санаачилсан бүсчилсэн сургалтын зүүн бүсийн арга хэмжээг орон нутгийн засаг захиргаа, төв эвлэлтэй хамтран аймагтаа зохион байгуулсан, зүүн бүсийн сэтгүүлчдэд Сайншанд хотоо танилцуулсан, "Сэтгүүлч" сэтгүүлд салбарын ажил хийгээд аймаг орны бүтээн байгуулалтыг сурталчилсан, Хэнтий аймгийн "Аварга" тосонд болсон сэтгүүлчдийн урлаг спортын наадамд багаараа II байрт шалгарсан, шатар, теннис, урлагийн төрлөөр хувийн дүнгээр тэргүүн, дэд байрт шалгарсан,  МСНЭ-ийн урилгаар айлчилсан Солонгосын сэтгүүлчдийн төлөөлөгчдийг Дорноговьд ирэхэд хүлээн авсан, МСНЭ-ээс зохиосон сургалт семинарт алгасалгүй оролцсон гээд чамгүй идэвх зүтгэл гаргаж ажилласныг гишүүд онцолсон байна.

Мөн 2019 оны хэрэгжүүлэх ажлын хүрээнд татвар хураамжаа ойрын үед багтааж цуглуулах, гишүүдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, "Ялалт" сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, тогтмол хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч н.Намжилдорж агсны хөдөлмөр, дурсгалыг хүндэтгэх зэрэг ажил зохион байгуулахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ