Порошенко сонгуулийн кампанит ажилдаа хэдийнэ олон сая ам.доллар зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-18 17:03:40

КИЕВ. /Ukrinform/. Украины ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко сонгуулийн кампанит ажилдаа хэдийнэ 70 сая гривен буюу 2.5 гаруй сая ам.долларыг зарцуулсан байна. Энэ тухай түүний сонгуулийн штабын төлөөлөгч Олег Медведев мэдээлжээ.


“Одоогийн байдлаар кампанит ажилд 70 сая гривен зарцуулаад байна. Нийт хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа боловч үүнийг сонгуулийн сангаас гаргахгүй” гэж тэрбээр Порошенкогийн сонгуулийн штабаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлаа хувийнхаа хөрөнгөөр санхүүжүүлж байгаа аж.


Украины ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд, харин парламентын сонгууль намар болно. Ерөнхийлөгчийн суудлын төлөө түүхэн дэх хамгийн олон буюу 44 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сүүлийн саруудад сонгуулийн сунгаанд "Батькивщина" намын дарга Юлия Тимошенко нэр дэвшигчдийг тэргүүлж байсан боловч улстөрч эмэгтэй нэгдүгээр сард “шоу зохион байгуулагч” Владимир Зеленскийд тэргүүлэх байр сууриа алджээ. Харин Порошенког сонгогчдын 14 гаруй хувь нь дэмжиж байгааг санал асуулгын дүн харуулсан байна.


 


Холбоотой мэдээ