БНАСАУ-ын элч төлөөлөгч Ханой хотыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-19 11:56:41

ТОКИО. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн тусгай элч төлөөлөгч Ким Хёк Чоль АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэхээр Вьетнамын нийслэл хотыг мягмар гарагт зорьжээ. Тэрбээр Бээжин хотоор дамжин Ханойд очих аж. Энэ тухай “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.


Ким Хёк Чоль дээд хэмжээний уулзалттай холбоотой асуудлуудыг нарийн тодорхой хэлэлцэхээр АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стивен Бигэнтэй ойрын өдрүүдэд уулзах төлөвтэй байна. Хамгийн сүүлд тэд хоёрдугаар сарын эхээр Пьёнян хотод уулзжээ.


Үүнээс өмнө БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ким Чан Сон тэргүүтэй тус улсын төлөөлөгчид Ханой хотод хүрэлцэн очсон байна. Умард Солонгосын удирдагчийн ойрын хүрээний хүмүүсийн нэгд тооцогддог Ким Чан Сон мөн АНУ-БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахад оролцож байсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт анх удаа уулзсан билээ.


Тэдний хоёр дахь уулзалт Вьетнамын нийслэл Ханоай хотод хоёрдугаар сарын 27-28-нд болно. Телевизийн “Эн-эйч-кей” сувгийн мэдээснээр, Умард Солонгосын эрх баригчдын санал болгосны дагуу Ханой хотыг уулзалт зохион байгуулах газраар сонгожээ.


Холбоотой мэдээ