"Нэг цэгийн үйлчилгээний төв" ажиллаж эхэлнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-02-20 23:05:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны анхдугаар хуралдаан болж өнгөрсөн оны гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэв.

Энэ үеэр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд өртөх магадлалтай иргэнд харъяалал харгалзахгүй, 24 цагийн турш, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн ажиллах журам, зохион байгуулалт, шаардлагатай төсвийн тооцоог танилцуулж, ИТХ-ын даргын захирамжаар үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тус төв нь аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээ гэсэн 7 төрлийн үйлчилгээг хохирогч бүртгэгдсэн тохиолдол бүрт үзүүлэх ажээ.



Холбоотой мэдээ