Швейцарын хөгжлийн агентлагийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-20 15:57:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Швейцарын хөгжлийн агентлагийн захирал, хатагтай Габриэлла Спирлиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Габриэлла Спирли Монгол Улсын 18 аймгийн 80 мянган малчин өрхийг хамруулан 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл нь бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малчдыг тогтмол орлоготой болгоход чиглэж байгааг онцолж байв.

Төслийн хүрээнд бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох хоёр удаагийн судалгаа хийснийг дуулгаад, судалгааны дүнгээс харахад Монгол Улс нь бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх нь зүйтэй гэдэг нь нотлогдсон. Тиймээс төслөөс орон нутгийн удирдлага, малчин айл өрх, иргэдтэй хамтран аймаг, сумын бэлчээр ашиглалтын журам, бэлчээр ашиглалтын гэрээг боловсруулан хэрэгжүүлж, малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулж, бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг байгуулан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зарим сумын малчид өөрсдөө бэлчээр ашигласны төлбөр хуримтлуулан сумандаа эрсдэлийн сан байгуулж, түүнийгээ эргээд доройтсон бэлчээрээ сэргээхэд зарцуулах санаачилга хүртэл гаргаад байна гэв

Ийнхүү төслөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин өрхийн идэвх оролцоо нь тодорхой үр дүнд хүрч байгаа ч бэлчээрийг зохистой ашиглах талаар хууль эрх зүйн орчин бий болгох зайлшгүй шаардлага бий. Энэ үүднээс ХХААХҮЯ, "Ногоон алт-малын эрүүл мэнд" төсөл болон бусад төрийн болон ТББ-ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, нийслэл, орон нутагт олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, нийтийн дэмжлэг аваад байна. Уг хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-аар оруулж батлуулахад хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Швейцарын хөгжлийн агентлагийн захирал Габриэлла Спирли ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд уламжлав.  

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагын хүчин чармайлт, үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглээд, ойрын гурван жилд Монгол Улстай хамтарч ажиллах стратегийн төлөвлөгөөндөө ХАА ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт гэсэн чиглэлүүдийг оруулж, санаа авахуйц олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.


Тэрээр, Бэлчээрийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрүүлжүүлэх бодлого баримтлан ажилласнаар үндэсний боловсруулах үйлдвэрүүд түүхий эдтэй болж, малчдын бүтээмж дээшлэн, бүтээгдэхүүний чанар, үнэ цэнэ өсөх, улмаар экспорт нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэв. 

Холбоотой мэдээ