Д.Дамдинцэрэн: Хянагч нар сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-аас 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч Б амиа алдсан хэрэг гарсан.
АТГ-ын сар бүрийн 25-ны өнөөдрийн хэвлэлийн хурлаар, Салхитын мөнгөний ордын маргааны хэргийг шалгах явцад талийгаач нэр бүхий албан тушаалтанд авлига өгснийг тогтоож, түүнийг сэжигтнээр татан, прокурорын зөвшөөрөлтэй 48 цагаар цагдан хорихоор энэ сарын 20-нд баривчилсан тухай урьд нь мэдээлсэн. Тэрээр цагдан хорионы хугацаа дуусахаас дөрвөн цаг орчмын өмнө хорих байрандаа нас баржээ.
Энэ асуудлаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгээс сэтгүүлчид тодрууллаа.
-Талийгаачтай хамт өөр хүн хоригдож байсан уу?
-Талийгаач цагдан хорих өрөөнд ганцаараа байсан. Тэрээр энэ сарын 22-ны 21.40 цагт цагдан хорих байрандаа хоолойгоо боомилж амь насаа алдсан юм.
-Талийгаач амиа хорлоход тус ангийн харуул, хяналт ямар байсан бэ?
Тухайн үед 461 дүгээр ангийн ээлж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хянагч нар хариуцлагагүй хандсан, сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй тул дотоод шалгалт явуулж байна.
-Камерын хяналт байсан уу. Хорих анги баривчилсан сэжигтний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэсэн ойлголт олон нийтэд төрөөд байна?
-Хорих ангийн өрөө бүр камертай ч давхар бүрийн 20-30 камерыг нэг оператор хянаж байдаг. Мөн зарим камер өрөөг бүрэн харуулдаггүй. Хэрэг гарах үед хянагч нар үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байгаа тул шийдвэр эцэслэн гарах хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Өөрийгөө боомилж болох зүйлтэй оруулсныг тайлбарлана уу?
-Цагдан хорих байрны дотоод журамд тухайн этгээдийн өмсөж байгаа улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрсөн байдаг.
-Талийгаачийг түр саатуулах хуулийн хугацаа дууссан байсан гэх мэдээлэл байна?
-Түр саатуулах 48 цагийн хуулийн хугацаа дуусаагүй байсан. Сэжигтнийг суллах хуулийн хугацаа 00.00 цагт дуусах ёстой. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа тул одоогоор хэн нэгнийг буруутгаж болохгүй.
-Талийгаачийн сэтгэл зүйн байдал камерын дүрсэнд ажиглагдсан уу?
-Камерын бичлэгээс харахад анхаарал татсан зүйл байгаагүй.