Нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын хуралдаан дахин завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-26 15:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан нийслэлийн “Хангарьд” ордноо болж байна.

14.00 цагийн байдлаар нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарыг дахин нэр дэвшиж буйг тодруулж нэр дэвших ажиллагааг тасалбар болгосны эцэст санал хураалтыг өмнөх хуралдаан шиг нууцаар явуулахаар болж, тооллогын комисс байгуулахаар болсон юм. Гэвч нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг хуучин бүрэлдэхүүнээр нь батлах санал гаргаснаар, МАН-ын бүлгээс арван минутын завсарлага авав. Учир нь, МАН-ын бүлгийн дарга Р.Дагва НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан нарыг тооллогын комисст дэвшүүлэх санал оруулсан ч төлөөлөгчдөөс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал гаргасан юм.


Тиймээс энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилсэн боловч НИТХ дахь АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага аваад байна. Өмнөх хурлын тооллогын комиссын таван гишүүний бүрэлдэхүүнд Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нар байсан юм.

Хотын Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун, “Өмнөх хуралдаан шиг саналын хайрцагт нэр харуулаад хийх, утсаар зургийг аваад харуулах зэрэг булхайтай явдал гаргахгүй байх” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, “НИТХ-ын энэ удаагийн ээлжит хуралдааныг ямарваа нэг дарамт шахалтгүйгээр явуулж төлөөлөгчдийг саналаа чөлөөтэй өгөх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ