Б.Махбалын хэргийг шүүх хурал хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болох ёстой ч ирэх сарын 18-н хүртэл хойшлов. Эл шүүх хурал хоёрдахь удаагаа хойшилж буй нь энэ юм.
Хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцуулахаар болсон ч бүгд ирээгүй байна. Түүнчлэн гадаад улсад ажлаар зорчиж байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөн шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэж үзэн дээрх товыг гаргажээ.
Хэргийг тодруулбал, Ноднин наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн амиа алдсан байв.
Түүний амь насанд халдсан хэрэгт тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулсан. Прокурорын байгууллага эл хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлжээ.