Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн алхалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-28 21:57:43

Завхан/МОНЦАМЭ/. Удахгүй болох эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар аймгийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй аймгийн Засаг дарга Д.Батсайхан уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр хүний эрх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэл, онцлог, өнгөрсөн 2018 онд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл өглөө. Мөн төрийн байгууллага, ТББ-хэрхэн хамтарч ажиллах, удахгүй болох эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулж буй тус тусын үйл ажиллагааг нэгтгэн хамтран хамтран зохион байгуулах талаараа ч санал солилцсон юм. Энэ үеэр Завхан аймагт эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл буурахгүй байгааг “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” ТББ-аас онцолж нэн түрүүн энэ асуудалд төрийн бус байгууллагууд төртэй хамтран нөлөөлөл, үр дүнтэй ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэв. Харин эмэгтэйчүүдийн Өрнөх хөгжил ТББ, Sedaw watch, Туна тэргэл сан, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ТББ-ууд хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд уул уурхайн бүс нутаг дахь малчин эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа, энэ бүс нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүд малчдын жендерийн үр нөлөөний үнэлгээг амжилттай хийсэн тухай дуулгав.  

Эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонсдог уламжлал бий болгоно гэв 

Жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хүлээн авалт, баяр ёслол төдийхнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж чаддаггүй. Тиймээс энэ жилээс эхлэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах чиглэлээр бодит ажил зохион байгуулах, тэдний дуу хоолой, санал хүсэлтийг сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө аймгийн ЗДТГ, аймгийн ТББ-ууд хамтран боловсруулахаар болж ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: -“Төрийн бус байгууллагууд төрийн зарим чиг үүргийг хамтран хэрэгжүүлснээр олон эерэг үр дүн гарна. Тухайлбал, Архигүй аймаг болох хөдөлгөөн, Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт, “Эко Завхан” аян зэрэг орон нутгаасаа дэвшүүлсэн зорилттой ТББ-ууд үйл ажиллагаагаа уялдуулах нь зүйтэй. Төрийн бус байгууллага бүр хийх ажлын төлөвлөгөөгөө улирал, жилээр тодорхой гаргаж, бусад ТББ-ууд нь хамтран оролцож, төрийн зүгээс ч дэмжлэг үзүүлэх замаар цаашид үр дүнтэй хамтран ажиллая.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүчирхийллийн эсрэг нэгдье” олон нийтийн алхалт, аялал, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж, энэхүү үйл ажиллагаанд хүчирхийллийн эсрэг нэгдэх хүсэлтэй хүн бүр оролцох боломжийг хангаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь нийгэмд болж буй муу муухай бүхнээс ангид байх гэгээн үйлсэд нэгдэж буй хэрэг  юм” хэмээвИйнхүү энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ