Боловсролоор улс төр хийхгүй байхыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЕрөнхий боловсролын сургуулийн математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн эрдэмтэн, судлаач, багш нар өнөөдөр "Монгол Ньюс" компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.
Тус багт МУИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Боловсролын хүрээлэн, ШУА-ийн эрдэмтэд, Боловсролын үнэлгээний төв, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл, ЕБС-ийн багш нарын төлөөлөл зэрэг нийт 172 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. БСШУ-ны сайдын тушаалаар баталгаажуулсан уг багийн боловсруулсан БСШУЯ-ны хөтөлбөр, сурах бичиг олон үе шатаар дамжин хянагдаж гардаг. Өөрөөр хэлбэл, турших, санал авах, албан ёсны шинжээчийн дүгнэлт, агуулгын болон техникийн редакторын дүгнэлт хийсний эцэст хэвлэдэг гэдгийг тус багийнхан онцлов.
Математик, байгалийн ухаан нь тогтсон шинжлэх ухаан, мөн агуулга, арга зүйн хувьд олон улсын чиг хандлага, арга туршлагатай шууд нийцсэн байдаг. Энэ утгаараа математикийн болон байгалийн ухааны хөтөлбөр сурах бичигт шашны болон улс төрийн агуулга оруулах ямар ч боломжгүй. Математик, байгалийн ухааны цөм хөтөлбөрт шинжлэн судлах арга барил эзэмших, нотолгоо баталгаанд үндэслэн шийдвэр гаргах чадвар эзэмших, асуудлыг судлан шийдэх арга ухаанд суралцахад чиглэсэн агуулга, аргазүйн шинэчлэл хийсэн.
БСШУЯ-ны гаргасан математик, байгалийн ухааны сурах бичигт шашин, сүнс, улс төрийн өнгө аястай агуулга огт байхгүй. Байгаа мэтээр олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. Хувь хүний хэвлэн борлуулсан номыг бидний зохиосон сурах бичиг мэтээр ярьж, бичиж байгаад харамсаж байна хэмээн мэдэгдлээ.
Сэтгүүлчид тэднээс хэд хэдэн асуулт тавьсаны дотор сүнстэй бодлого яагаад орсон талаар сонирхов. “Кенгуру” гэж олон улсын математикийн уралдааныг 1994 оноос зохион байгуулж ирсэн. Тус “Кенгуру-2009” уралдааны бодлогод сүнс гэж орсон байдаг. Үүнийг австри, хорват, чех, эстони, финланд, англи, швед хэлээр сүнс гэж орчуулсан байсныг онцолж байв. Харин уг бодлого нь олон улсын уралдааны бодлогын товхимолд 22-р бодлого болж орсон бөгөөд сурах бичигт энэ бодлого байхгүй гэв.
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулсан багийн төлөөлөгчид ард, иргэддээ хандан уриалга гаргаж байгаагаа танилцуулав. Үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшиж сайхан амьдралтай болно гэсэн Монголын мянга мянган эцэг эхийн итгэл үнэмшлийг алдуулах оролдлого хийж улс төр хийхээ болих хэрэгтэй байна. Жирийн эрдэмтэн багш нарын зохиосон сурах бичигт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулах арга хэлбэрийг сонгож боловсролоор улс төр хийхгүй байхыг уриалж байна.
Монголын залуусыг мэргэжил боловсролтой болж улс орноо хөгжүүлнэ гэсэн олон түмний итгэл үнэмшлийг хөсөрдүүлж, шинэ итгэл үнэмшил бий болгох бэлтгэл ажил хийх, улмаар бид сайжруулах гэж байна гэсэн өнгө аястай улс төрийн сурталчилгаа хийхэд боловсролыг ашиглахгүй байхыг уриаллаа. Боловсролыг тогтвортой, улс төрөөс хараат бус байлгая гэв.
Э.Бат-Уянга