Хулгайлагдсан иргэдийн асуудалд Япон тууштай хандах хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-28 12:00:40

ТОКИО. /NHK/. “БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудал шийдэгдэх хүртэл БНАСАУ-д эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байх байр сууриа манай улс тууштай баримтлах хэрэгтэй” хэмээн Японы иргэн Каору Хасюки мэдэгджээ. Тэрбээр БНАСАУ-д хулгайлагдаж байсан япончуудын нэг бөгөөд 17 жилийн өмнө эх орондоо эргэн ирсэн байна.


“АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ уулзалтаас нааштай үр дүн гарна гэж найдаж байна. Энэхүү уулзалт нь Япон, БНАСАУ-ын эрх баригчид хоорондын харилцааны чиг шугамыг урьдчилан тодорхойлоход тус дөхөм болох юм” хэмээн тэрбээр “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө хэллээ.


Түүнчлэн тэрбээр БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд зохих арга хэмжээ авах талаар бодож үзнэ үү гэж Ким Жөн Унд уриалахыг Японы Засгийн газраас хүсчээ. Мөн энэ асуудалтай холбогдуулан БНАСАУ-д эдийн засгийн туслалцаа үзүүлэх хувилбарыг Японы Засгийн газар ашиглах хэрэгтэй хэмээн Хасюки хэлжээ. 

Холбоотой мэдээ