Өвөрхангай аймагт гэмтлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-28 16:07:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Хүний нөөцийн чадамж болон газарзүйн байршлын хувьд төсөл хэрэгжүүлэхэд боломжтой гэж үзэн тус аймгийг сонгосон байна.

 Улаанбаатар хотоос 420 км зайд оршдог бөгөөд баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, баруун дөрвөн аймаг дамжин өнгөрдөг хатуу хучилттай замтай тул эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэхэд тохиромжтой аж. ГССҮТ санаачлан ЭМЯ болон тус аймгийн БОЭТ-тэй хамтран хэрэгжүүлэх төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаныхан оролцов. Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой энэхүү төсөл ирэх зургадугаар сар хүртэл хэрэгжинэ.

Төслийн хүрээнд сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамж журмыг баримтлан ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад эмч, мэргэжилтнийг хамруулах юм. Мөн анагаах ухааны эмчилгээний орчин, шинэ технологийг нэвтрүүлэх зорилт дэвшүүлжээ.

Төсөл хэрэгжсэний дараа хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсоныг албаныхан хэллээ. Тухайлбал, БОЭТ-ийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болно. Мөн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна ГССҮТ-ийн эмчилгээ үйлчилгээг, БОЭТ-д нэвтрүүлж иргэдэд үйлчилгээг ойртуулахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байрандаа хөгжих боломж бүрдэх юм. Түүнчлэн эмч,  мэргэжилтний  ур чадвар, мэдлэг сайжирч төвийн хэмжээнд хийдэг мэс ажилбарыг орон нутагтаа хийх юм.



Хүний нөөц,  тоног төхөөрөмж, гэмтлийн тасгийн зарим тасгийг засварлан шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ГССҮТ, Өвөрхангай аймгийн БОЭТ хамтран ЭМЯ болон холбогдох төрийн байгууллагын оролцоотой шийдвэрлэхээр төлөвлөжээ.

ГССҮТ-өөр хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувийг хөдөө орон нутгийн иргэд байдаг аж. Тус төвийн яаралтай тусламжийн тасгаар жилд дунджаар 91 600 иргэн үйлчлүүлдгээс 12 324 буюу 13.5 хувийг орон нутгийн иргэд эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь төслийг хэрэгжүүлэх үндэслэл болжээ. Үүнээс гадна ГССҮТ-д үйлчлүүлж буй орон нутгийн иргэдээс Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн харьяа аймгуудын үйлчлүүлэгчид эхний гурван байрт багтдаг байна.  Ийнхүү орон нутгаас гэмтлийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотой эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж сайжруулах, шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх шаардлагатайг албаныхан онцолж байна.


 

Холбоотой мэдээ