Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Ховд аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-03 18:46:05

Ховд /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” гуравдугаар сарын 02-03-ны өдрүүдэд Ховд  аймагт ажиллалаа. Шуурхай бүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтжээ. 

Тус шуурхай бүлэг орон нутгийн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалгах, үүрэг чиглэл өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгуулж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, зарим сумын түргэн тусламжийн авто машины асуудлыг шийдвэрлэж, мал аж ахуйн хаваржилтын хүндрэл, нөхцөл байдлыг үндэслэн 450 тн өвс, 270 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр хуваарилахаар болсон юм.

Манай аймгийн нийт нутгийн 80-90 хувьд цас орсны улмаас 13 суманд хаваржилт хүндэрч, гуравдугаар сарын эхний 7 хоногийн байдлаар малын хэвтэр, бэлчээрийн хомсдолоос шалтгаалан 47 мянга гаруй мал хорогдож, 34 мянга гаруй мал хээл хаясан мэдээтэй байна. Мөн зарим суманд мал төллөж эхэлсэн. Гэвч төллөсөн эх мал жилбэ муутай, нялх төлд сүү орлох эрдэс тэжээл өгөх шаардлагатай байна. Тиймээс малчид малаа тэжээн тэнхрүүлэх зорилгоор био бэлдмэл, малын эрдэс тэжээл авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


 

   

 


Холбоотой мэдээ