Хоёр Солонгос эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргаж магадгүй

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-03-04 14:06:20

СӨҮЛ. /Yonhap/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны ДАШТ-ийг БНАСАУ-тай хамтран зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэж байгаа тухай БНСУ-ын Хөл бөмбөгийн холбооноос даваа гарагт мэдээлэв.


Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хон Мюн Богийн хэлснээр, дээрх саналыг Засгийн газартаа уламжлаад байгаа ажээ. Түүнчлэн энэ талаар БНАСАУ-ын талтай хараахан хэлэлцээгүй байгаа аж.  


“Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны ДАШТ-ийг хоёр Солонгос хамтран зохион байгуулах хүсэлт гаргаж магадгүй” гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгч Жанни Инфантино өмнө нь мэдэгдсэн билээ.


Олон улсын хөл бөмбөгийн холбооноос мэдээлснээр, улс орнууд уг тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа гуравдугаар сарын 15 гэхэд илэрхийлэх шаардлагатай ажээ. Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг дөрөвдүгээр сарын 16-наас өмнө хүлээн авах аж.


2023 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг 2020 оны гуравдугаар сард олон нийтэд зарлах бөгөөд одоогийн байдлаар Австрали, Колумби, Япон, Өмнөд Африк зэрэг орон зохион байгуулах хүсэлтээ гаргаад байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. 


Ташрамд дурдахад, хөл бөмбөгийн 2030 оны ДАШТ-ийг БНАСАУ, Япон, БНХАУ-тай хамтран зохион байгуулах саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 онд гаргасан билээ. 

Холбоотой мэдээ