Манай улсад төрийн мэдээллийн ил тод байдал 38.9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-04 18:24:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг 2011 онд баталсан. Уг хуулийн чанарыг дэлхийн 70 гаруй орны ижил төрлийн хуультай харьцуулахад 21 дүгээр байрт орж байгаа ч, эл хуулийг Монгол Улсад хангалтгүй хэрэгжүүлж байна хэмээн Канадын хууль, ардчиллын төвийн захирал Тоби Мендел мэдэгдэв.

Өнөөдөр болсон “Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын оролцоот зөвлөлдөх хурлын үеэр мөн, Глоб интернэйшнл төв ТББ-ын танилцуулснаар, манай улсад төрийн мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал 38.9 хувьтай байгаа судалгааны дүн гарсан байна. "Иргэд төрийн байгууллагаас мэдээлэл шаардаж авдаг, төрийн байгууллага нь мэдээлэл өгөхөөс татгалздаггүй байвал нийгэмд ташаа мэдээлэл тархах эрсдэл буурна" гэж Глоб интернэйшнл төв ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Д.Аюуш онцлов.


Тэрбээр, “Мэдээлэл авах, мэдэх эрх нь иргэний суурь эрхийн нэг юм. Татвар төлөгч иргэн төрийн үйл ажиллагааны талаар бүх төрлийн мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхээ төдийлөн сайн мэддэггүй нь судалгаанаас харагдаж байв. Тиймээс иргэд төрийн мэдээллийг авахыг шаарддаг болбол тухайн байгууллага мэдээллийн ил тод байдалдаа анхаарал хандуулж эхэлнэ. Найман байгууллагыг түүврээр сонгож иргэний мэдэх ёстой, энгийн мэдээлэл авахаар холбогдоход, ямар зорилгоор мэдээлэл авах гэж байгааг эргээд асуусан. Хуулинд ямар ч зорилготой байсан мэдээллийг ил тод өгөх үүргийг заасан байдаг. Гэтэл тухайн байгууллага мэдээлэл өгөх сонирхолгүй, удирдлага нь мэдээллийн ажилтандаа аман хэлбэрээр мэдээлэл өгөхөөс татгалзах шаардлага тавьдаг байна. Уг нь иргэд мэдээлэл шаардаад авдаг, төрийн байгууллага нь мэдээлэл өгөхөөс татгалздаггүй байвал нийгэмд ташаа мэдээлэл тархах эрсдэл буурна. Ингэснээр төрийн байгууллагыг хянах иргэдийн оролцоо нэмэгдэж, нийгэмд үүсэх хардалт ч багасах ач тустай юм” гэв. 



Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж, "Хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн зорилго нь уншигч, үзэгчиддээ бодит эх сурвалжаас мэдээ, мэдээллийг хүргэх байдаг. Гэвч сүүлийн 4-5 жилд аймгийн ИТХ, ЗДТГ дэргэдээ хэвлэл мэдээллийн алба бэхжүүлж байгаа нь төрийн мэдээлэл үнэн бодитоор иргэдэд хүрэх боломж багассан. Учир нь төрийн байгууллагын дэргэдэх хэвлэлийн алба нь өсөж, өргөжөөд студи, редакцийн хэмжээнд хүрч, улмаар мэдээллийг шууд иргэдэд хүргэдэг болсноор олон ургалч үзэл, мэдээллийн чөлөөт урсгалыг алдагдуулж эхлээд байна. Ингэснээр сэтгүүлч олон эх сурвалжаас байр суурийг нь авах боломж хаагдаж, төрийн байгууллага нь хэвлэлийн албаараа дамжуулж, байгууллагынхаа дутагдлыг далдалсан мэдээлэл цацаж байна” гэв.



Өнөө жил НҮБ-ын Улс төрийн дээд түвшний уулзалт болно. Энэхүү уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын тайланг бэлтгэн танилцуулах 42 орны жагсаалтад Монгол Улс багтан оржээ.

ТХЗ-ын дэд зорилтын шалгуур үзүүлэлтэд, “Олон нийтийн мэдээлэл авах эрхийг үндсэн хууль, тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулах” хэмээн заасан байдаг. Иймд дээрх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд оролцогч талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ТХЗ-ын 16.10 дахь зорилтын талаар 2019 оны Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтанд тавих Үндэсний сайн дурын тайланг боловсруулахаар талууд өнөө, маргааш зөвлөлдөх аж.

Уулзалтад Засгийн газрын төлөөлөл, тэргүүлэгч яамдын асуудал эрхэлсэн хүмүүс, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, боловсрол, судалгааны байгууллагын төлөөлөл оролцсон юм.


Холбоотой мэдээ