Герман нүүрсээр ажилладаг станцуудаа хаахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-07 17:03:48
Yesukheitumur Tumurbaatar

БЕРЛИН. /latimes/. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/ нүүрсээр ажилладаг 84 цахилгаан станцаа хааж, цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг голлон ашиглана гэж тус улсын Засгийн газраас мэдээлжээ.


Дэлхийн хамгийн их нүүрсний хэрэглээтэй орнуудын нэг болох Герман улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын зорилтыг биелүүлэхийн тулд ирэх 19 жилийн хугацаанд багтаан нүүрсээр ажилладаг 84 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн гэж тус улсын Засгийн газрын комисс мэдээлсэн байна.


Энэхүү шийдвэр нь Европын хамгийн том тус улсын хувьд нэн чухал өөрчлөлтийг авчрах юм. Герман нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаагаараа Европын орнууд дундаа манлайлж байсан хэдий ч сүүлийн жилүүдэд тус улс энэхүү манлайлагчийн байр сууриа алдаж, нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлж чадахгүй байгаа билээ. Германы нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тус улсын нийт эрчим хүчний 40 хувийг бүрдүүлдэг ажээ.


“Энэ бол түүхэн амжилт. 2038 он гэхэд Герман улсад нүүрсээр ажилладаг нэг ч станц байхгүй болно” хэмээн Засгийн газрын комиссын дарга Рональд Пофалла хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


Уг төлөвлөгөөний хүрээнд 45 тэрбум ам.долларыг бүс нутгууд дахь нүүрсний хэрэглээг бууруулахын тулд зарцуулах ажээ. Харин комиссын гаргасан энэхүү төлөвлөгөөг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн Засгийн газар батална гэж найдаж байгаа аж.


“Германы уур амьсгалын бодлогод хувьд нэн чухал байр суурийг эзлэх энэхүү төлөвлөгөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт Германыг дахин манлайлагч улс орон болгох боломжтой юм. Үүнээс гадна нүүрснээс хэт их хамааралтай, аж үйлдвэржсэн Герман улс нүүрсний хэрэглээгээ зогсоож, үүгээрээ дамжуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэдгийг дэлхий дахинд түгээхэд уг төлөвлөгөө чухал дохио болно" гэж Германы Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эрчим хүчний эдийн засгийн профессор Клаудия Кемферт хэлжээ.


2011 онд Японы Фүкүшима цөмийн цахилгаан станцад осол гарсны дараа Герман улс 2022 онд гэхэд цөмийн бүх цахилгаан станцуудаа хаах шийдвэр гаргаж, эрчим хүчний хатуу бодлого барималж эхэлсэн юм.


Гэвч бизнес эрхлэгчид бодлогогүй шийдвэр гаргалаа хэмээн Засгийн газрыг хатуу шүүмжилсэн юм. Уг шийдвэр нь эрчим хүчний үнийг өсгөж, эрчим хүчний дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сулруулна гэж бизнес эрхлэгчид үзэж байсан юм. Мөн тэд, "Германаас өөр аж үйлдвэржсэн ямар ч улс орон цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй. Тиймээс энэ шийдвэр нь ач холбогдолгүй алхам юм" гэж онцлон тэмдэглэжээ.


Тухайн үеэс хойш өнөөг хүртэлх хугацаанд Герман цөмийн 19 цахилгаан станцын 12-ийг хаагаад байгаа юм.


Герман нүүрс болон цөмийн цахилгаан станцуудаас татгалзаж байгаа нь 2040 он гэхэд тус улс эрчим хүчний хэрэглээнийхээ 65-80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн үг юм. Өнгөрсөн онд тус улсын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрснээс гаргадаг эрчим хүчний хэрэглээг давж, нийт эрчим хүчний хэрэглээний 41 хувийг хангах болсон байна.


1990 оны эхээр Герман улсын нүүрсхүчлийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурчээ. Үүнд коммунист Зүүн Германы төвлөрөлт болон асар их бохирдол үүсгэдэг үйлдвэрүүд зогссонтой холбоотой аж. Гэсэн хэдий ч нүүрсээр ажилладаг станцууд тус улсын эрчим хүчний хангамжийн дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.

Холбоотой мэдээ