Эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-05 12:55:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж өнөөдөр саатуулав.


Тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр өглөө 11.45 цагт Хан-Уул дүүргийн нутаг “Энхжин хотхон” дахь гэрт нь нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар О.Орхоны хамт саатуулжээ. Мөн “Монголын коппер корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд дуудаж ирүүлсэн байна.



ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, "ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэгт хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгаж байна. Энэ хүрээнд дээрх хүмүүсийг байцаахаар Эрүүгийн цагдаагийн албанд өнөөдөр авчирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын коппер корпорейшн” ХХК-д худалдан авахад Худалдаа хөгжлийн банк оролцсон байх магадлалтай хэмээн өчигдөр танилцуулж байв.

Холбоотой мэдээ