Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 14:35:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсаас санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.

Манай улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй. Тухайлбал шударга, эрх тэгш хандах, нэн тааламжтай нөхцөл зэрэг зохицуулалт хэт ерөнхий байгаа юм. Үүнээс болж хөрөнгө оруулагчид манай улсын гуравдагч улстай байгуулсан хөрөнгө оруулалтын аль ч гэрээний дагуу ямар ч үндэслэлээр маргаан үүсгэх боломжтой байна. Харин нэгдсэн загвартай болсноор энэ зөрчил арилж, тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр эрх зүйн зохицуулалт бий болно гэж үзжээ.

Манай улс 44 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулснаас 36 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Холбоотой мэдээ