Крым ОХУ-д эргэн нэгдсэний хоёр жилийн ойг тэмдэглэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИМФЕРОПОЛЬ. /TASS/. Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хот ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны хоёр жилийн ойг тус улсад тэмдэглэнэ. Петропавловск-Камчатский хотоос Калининград хүртэл бүх томоохон хотод уулзалт, концертууд, флэшмоб зохион байгуулахаар төлөвлөжээ. Баярын гол арга хэмжээнүүд Москва, Симферополь болон Севастополь хотод болно.
Бүгд Найрамдах Крым Улсад гуравдугаар сарын 18-ныг албан ёсоор Крым болон ОХУ эргэн нэгдсэний өдөр болгосон байна. Энэ өдрийг мөн амралтын өдөр болгожээ. Симферополь, Ялта, Евпатория, Феодосия болон бусад хотод өнөөдөр янз бүрийн арга хэмжээ болон флэшмоб болох бол Крымын нийслэл хотод орой Оросын эстрадын одод оролцсон томоохон концерт тоглоно.
Харин Москва хотод түүхэн үйл явдлын хоёр жилийн ойг уламжлалт “Бид хамтдаа!” уулзалт-концертоор тэмдэглэх аж. ОХУ-ын Олон нийтийн танхимын санаачилгаар Кремлийн хананы дэргэд Васильевскийн налуу газарт зохион байгуулдаг уг арга хэмжээнд Оросын улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд оролцдог байна.
2014 оны гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа их хуралд үг хэлж, Крым болон Севастополийг ОХУ-д нэгтгэх тухай тус хойгийн парламентын гишүүдийн гаргасан саналыг мэдэгдсэн юм.
Үүний дараа Путин, мөн Крымын Төрийн зөвлөлийн дарга Владимир Константинов, Крымын Засгийн газрын тэргүүн Сергей Аксенов, Севастополь хотын дарга Алексей Чалый нар “ОХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Крым Улсыг оруулах болон ОХУ-ын бүрэлдэхүүнд хоёр шинэ субъектыг байгуулах тухай ОХУ болон Бүгд Найрамдах Крым Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зуржээ.
Д.Жаргал