Есөн үеэ мэдэхгүй нь цус ойртолт ихсэх шалтгаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 16:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Их Хурал (УИХ)-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо хамтран “Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулав.

Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ есөн үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож ирсэн уламжлалтай. Угийн бичиг хөтлөх нь иргэдэд удам угсаагаа мэдэх чухал ач холбогдолтой ч нөгөө талаар төрийн түүхийн нэг хэсэг болж байдгаараа онцлогтой гэдгийг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Дашням илтгэлдээ онцолж байлаа.

Мөн Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн чухал гарц болохыг “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт илтгэлдээ тэмдэглэв. Хүн амын дотор цус ойртолт ихсэх нь хүний оюун ухаан, сэтгэхүйн түвшинг бууруулж, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсөх, өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдар давжаарах зэрэг сөрөг үр дагавартай байдаг байна. Цусан төрлийн үе дээшлэх тутам цус хоёр дахин шингэрч, хамаарал багасдаг бөгөөд 10 дахь үеэс эхлэн цусан төрлийн холбоогүй гэж үздэг аж. Гэвч есөн үеэ мэдэхгүй гэрлэж байгаа нь цус ойртолтыг өсгөж байгааг судлаачид хэлж байлаа.

Монголын хүн ам дахь гэрлэлтийн байдлыг судлан үзвэл, нэг багийн уугуул иргэд хоорондоо гэрлэх нь 85.4 хувь, нэг сумын уугуул иргэд 73.9 хувь, нэг аймгийн уугуул иргэд 86.1 хувь байдаг аж.

Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн бас нэг сэдэв нь ургийн овгийн асуудал байлаа. Монголын хүн амын дунд ургийн овгийн тухай ойлголт үндсэндээ мартагдсан, овог, аймаг дотроо гэр бүл болохгүй байх уламжлалт ёс гээгдэж цусан төрлийн холбоогүй гэсэн ерөнхий таамгаар бие биеэ сонгох болжээ. Тухайлбал, нэг эцэг, эхийн хүүхдүүдийг өөр өөр ургийн овогтойгоор бүртгэсэн нь цус ойртолтыг улам бүр нэмж байгаа юм. Тухайлбал, монголчуудын 86.6 хувийг боржигон овогтон эзэлж байна.

Зөвлөгөөнд оролцогчид бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт Угийн бичиг хөтлөх мэдлэг олгох хичээл оруулах санал гаргаж байв. Түүнчлэн Угийн бичиг хөтөлдөг, ургийн баяраа хийдэг өрх гэр бүлийг урамшуулан дэмжих, алдаршуулах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Зөвлөгөөний төгсгөлд, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учраас оролцогчдоос гаргасан саналуудыг тусгасан зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлнэ. УИХ-аас хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллана” гэлээ.

Холбоотой мэдээ